Хөгжилтэй улс болъё гэвэл хүн амын өсөлтдөө анхаар
Монголын 3 сая дахь иргэнд орон сууц өгнө гэдгээ төр засгаас амалсан. Өнөөдөр ХАХНХЯ-аас зарласан хэвлэлийн бага хурлын үеэр гадаадад төрсөн монгол хүүхдүүдийг үүнд хэрхэн хамруулах, төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургуульгүй байж төрөлт нэмэгдүүлэх асуудлыг ярих нь зөв үү гэх мэтчилэн сэтгүүлчид салбарын сайдаас олон зүйлийг тодруулж байв.
Тэрээр “Монгол улсын элчин сайдын яамд байрладаг улсуудад төрсөн шинэ иргэдийнхээ судалгааг бид элчин сайд нартайгаа хамтран тухай бүрт нь хүлээн авах бүрэн боломжтой. Мөн хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэгчээр төрөлт нэмэгдээд ирвэл бид төрөх эмнэлгийн асуудалдаа илүү анхаарах шаардлага гарна. 2014 онд улсын хэмжээнд баригдах цэцэрлэг, сургуулийн тоо өмнөх жилүүдээс нэлээд нэмэгдсэн. Дунджаар нэг аймаг, дүүрэгт гэхэд 5-12 сургууль, цэцэрлэг баригдахаар хөрөнгө оруулалтын төсвүүд гарсан байгаа” хэмээв. Үүнээс гадна дөрвөн төрөх эмнэлэг баригдахаар яригдаж байгаагаас энэ ондоо хоёр эмнэлгийг ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэж үзсэнийг ХАХНХ-ийн сайд дуулгасан юм.
Аливаа улсын хөгжил нь хүн амын тооноос ихээхэн хамааралтай байдаг. Иймээс үнэхээр хөгжилтэй, бие даасан улс болъё гэвэл хүн амын өсөлтдөө анхаарах цаг болсон гэдгийг салбарын сайд анхаарууллаа.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ