Телевизийн итгүүлэн үнэмшүүлэх чадварыг нэмэгдүүлье
Мэдээллийн эрин үе гэж нэрлэгддэг 21-р зуунд материаллаг эд зүйлсээр бус хэн мэдээллийг хурдан шуурхай авч байна тэр хүн баялагтайд тооцогддог болсон. Хэвлэл мэдээллийн хамгийн хүртээмжтэй, олон нийтийг зэрэг хамарч чаддаг хэрэгсэл бол яах аргагүй телевиз. Манай улсад анхны телевиз үүсэн байгуулагдаад алдаа, оноо амжилт бүтээлээр дүүрэн 40 гаруй жилийг ардаа орхижээ.
Техникийн дэвшил, мэдээллийн эрин зуунд шил шилээ даран өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг агуулсан телевизүүд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсаар байна. Монгол Улсын хэмжээнд 2008 онд 85, 2010 онд 93 телевиз үйл ажиллагаагаа явуулж байсан бол өдгөө аль хэдийнэ гурван оронтой тоонд шилжсэн. “Телевизэд дайн өдөөх, энх тайвныг тунхаглах хүч аль аль нь оршдог” гэж ББС-ийн телевизийн захирал Брайн Уинхам хэлжээ. Үнэхээр телевизийн салбар нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар, хэдэн зуун хүнд нэгэн зэрэг хүрэх боломж зэргийг энгийн үгээр илэрхийлсэн байдаг. Телевиз хэмээх хүчтэй зэвсгийг удирдан чиглүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг сэтгүүлчдэд бий. Мэдээж тус салбарын эцсийн бүтээгдэхүүн болох уран бүтээл бүр хамтын ажил байдаг тул найруулагч, зураглаач гэрэлтүүлэгчид бүгд л хариуцлагатай ажил. Гэхдээ сэтгүүлч гэж тодотгосны учир нь салбарын нийт ажилтнуудын 47 хувь нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтнууд эзэлж байна.
Мөн аливаа нийтлэл нэвтрүүлгийн санаа зохиол, судалгаа, эцсийн мөч болох үзэгч олонд хүрэхэд сэтгүүлчдийн бүтээлч санаачлага,мэдлэг, ур чадвар, туршлага, ихээхэн шаардагддаг тул ийнхүү салбарын “түлхүүр” албан тушаалтныг сэтгүүлчид болж таарна. Үзэгчид телевизийн мэдээллийн хөтөлбөрийг голчлон үздэг. Гэвч өөр өөр нэр, сэтгүүлчидтэй мэдээллийн хөтөлбөрүүдийн “усны дусал” мэт адил мэдээллүүд , сэтгүүл зүйн үндсэн шаардлага болох мэдээллийн эх сурвалж тодорхойгүй , хувь хүний үзэл бодлоор асуудалд хандан дүгнэлт хийх , камераар “далайлган” бичлэг хийж байгаа зэрэг мэргэжлийн бус ёс зүйгүй, байдал сэтгүүлчдийн дунд газар авчээ. Үүнээс улбаалан үзэгчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэн үзэгчдийг төөрөгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар гарах магадлал маш өндөр юм. Тиймээс сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах шаардлага телевизийн удирдлагуудад тавигдаж байна.
Мэдээж телевиз хэмээх их айлын хаалга хүн бүхэн нээлттэй биш нь ойлгомжтой. Их, дээд сургууль төгссөн, гурваас дээш жил ажилласан, ажлын туршлага сайтай зэрэг олон шалгуурыг хангасан хүнд нэвтрэх эрх олгогдоно гэсэн үг. Хамгийн хачирхайлтай нь мэдээллийн хөтөлбөрийн ур чадвар, мэдлэгийн хүрээ, орчин үеийн мэдээллийн технологийн эрин үед амьдарч байгаа үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээ мэдээлэл, нийтлэг нэвтрүүлэг бэлдэж чадаж байгаа эсэх талаар тодорхой тоо баримттай судалгаа алга.
Оюутны ширээнээс дөнгөж салсан шинэхэн сэтгүүлчдээс хашир туршлагатай сэтгүүлчийн ур чадвар шаардах боломжгүй. Дөрвөн жил суралцан дээд мэргэжил эзэмшсэн ч гэсэн өв тэгш мэдлэгтэй бүрэн төгс “хөгжчихсөн” хүн гэж байхгүй учраас хүсэл сонирхол, авьяас дээр үндэслэн шинэ залуу сэтгүүлчдийг дадлагажуулах ,мэргэшүүлэн сургаж авах нь тухайн байгууллагын хүний нөөцийн удирлагын чухал асуудал баймаар.
Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ. Шинэ залуу ажилчны урмыг хугалж, харанхуй нүх рүү түлхэх нь элбэг гэдгийг залуу сэтгүүлчид учирладаг. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зарим телевизүүдэд ажилтнаа сургах ажлыг зохион байгуулах бодлого төлөвлөгөө, нөөц бололцоо, орчин нөхцөл бүрдээгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь тодорхой нэг байгууллага буюу, телевизийн холбоо, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдэд дутагдаж буй ур чадвар дадлага олгох, мэргэшүүлэх сургалт ус агаар шиг хэрэгтэй байна. Ямар телевиз сонгон үзэх нь олон хүчин зүйлээс хамааралтай. Энэ сонголтонд тухайн телевизийн сэтгүүлчдийн ур чадварын түвшин, мэдлэгийн хүрээ ихээхэн нөлөөлдөг билээ.
Н.Нацагхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ