Автомашинаасаа эд зүйлс, их хэмжээний мөнгөө алджээ
Иргэд харуул хамгаалалт камер, гэрэлтүүлэггүй газар автомашинаа тавьснаас болж үнэтэй эд зүйлс, бэлэн мөнгөө хулгайд алдах явдал буурахгүй байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 6-нд Баянгол дүүргийн 20-р хорооны “Москва хороолол”-ын урд байрлах дугуй засварын гадна иргэн Т/эм.43н/-ын автомашинаас гар цүнхтэй бэлэн биет 2,800,000 төгрөг алдагдсан байна. Мөн Э/эр.25н/“Toyota prius-20” маркийн автомашинаа Сүхбаатар дүүргийн 3-р хорооны “Хангай” зочид буудлын хойно хараа хяналтгүй тавьсны улмаас автомашинаасаа хүрэн бор өнгийн цүнхтэй компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, гэрээ, тамга зэргийг хулгайд алджээ. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “ОКТА” төвийн урд автомашины зогсоол дээр байсан иргэн О/эр.28н/-ын “Toyota Verossa” маркийн автомашинаас бэлэн биет 350.000 төгрөг, бусад эд зүйлс хулгайд алдагджээ. Дээрх хэргүүдийг хэрэг гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ