ЭМД-ын сангаас олгох мөнгөн дүн өсчээ
Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хэмжээг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Уг тогтоолоор даатгуулагч эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авах тохиолдолд тухайн өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр боллоо. Энэ нь 2013 онд мөрдөж байсан хэмжээнээс улсын эмнэлэгт 25 хувиар, хувийн хэвшлийн эмнэлэгт 60 орчим хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт аж.
Мөн амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15 мянган төгрөгөөр, оношлогоо шинжилгээний зардлыг 55 мянган төгрөгөөр, уламжлалт эмчилгээний зардлыг 117 мянган төгрөгөөр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь урд онд мөрдөж байсан хэмжээнээс дунджаар 40 гаруй хувиар нэмэгджээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэхүү шийдвэрийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бэлтгэл ажлыг хангасан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ