“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ
Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яам хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн дагуу мэргэжилтэй ажилтныг бэлтгэх энэ оны эхний ээлжийн сургалтын бүртгэл 1 дүгээр сарын 6-17-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Улаанбаатар хотын иргэн Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн төв бирж, орон нутгийн иргэн аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж сургалтад хамрагдах боломжтой аж.
Мэргэжилтэй ажилтан болж эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүссэн хүн бүрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хаалга нээлттэй болохыг зохион байгуулагчид хэллээ. Суралцах хүсэлтэй залуус эхний 3 сард танхимын сургалтад хамрагдах бол хоёр сар үйлдвэрлэлийн дадлага хийснээр сургалтаа төгсөх юм байна. Ажил олгогчдын захиалгаар 50 гаруй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх тул чадварлаг мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдвэл дадлага хийсэн компанидаа үндсэн ажилтан болж үлдэх боломжтой аж. Үүнд, барилга, авто зам, төмөр зам, уул уурхайн мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх ажлын байрны захиалга давамгайлж буй юм байна. Мөн гагнуурчин, ой хамгаалах мэргэжилтэй ажилтан болох боломжтой аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т 6400 иргэн хамрагдаж суралцсанаас 80 хувь нь ажлын байртай болжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ