Их хэмжээний зааны соёо устгалд оруулав
Хятадын Гуандонг мужийн Дунгуан хотын ажилтнууд зааны соёонуудыг ангилж, устгалд оруулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус мужийн эрх баригчид зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор шалгалт явуулж, 6.1 тонн хууль бус зааны соёог хураан авчээ. 2009 онд Филиппинд 10 сая ам.долларын үнэд хүрэх таван тонн зааны соёог устгасанаас хойшхи Азийн орнуудад явуулсан хамгийн том шалгалт болсон гэв.
Зааны соёог Африкийн орнуудаас хил давуулан оруулж ирсэн нь шалгалтаар илэрсэн байна. Хятад улс сүүлийн жилүүдэд зааны соёоны хууль бус наймааны гол бүс болоод байгаа нь байгаль хамгаалагчдын санааг зовоож байна. Зааны соёо хар зах дээр нэг килограмм нь 2000 ам.доллар хүрч, “цагаан алт” гэж нэрлэгдэх болсон аж. Ихэвчлэн гоёл чимэглэлийн зорилгоор соёог ашигладаг байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд соёоноосоо болж 35 мянган заан гэмт хэргийн золиос болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ