
Алтаар гулгисан гэх үгийг бичиж байх зуур аль тэртээ түүх болон үлдсэн соц нийгмийн үед дуулдаг байсан дуу санаанд буув. “...Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой нь ангаар бүрэн, хөрсөн дороо эрдэнээр арвин, хүний хэрэгцээ цөм бүрэн...” хэмээдэг ч хэдэн жилийн дараа энэ дуу “Ийм байсан юм гэнэ лээ” хэмээн дурсан ярих түүх болон үлдэхэд ойрхон болжээ.
Монголчуудыг хэдэн зууны турш өлхөн тэжээж дөнгөх эрдэнэсийг хэвлийдээ нууж өдийг хүрсэн ч Ухаангүй ноёдын балгаар ухуулж төнхүүлж буй эх орны үнэт баялаг ҮНЭЭ алдаж гадагшаа урсаж байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгчээр үнэ хүрч чадаагүй ҮНЭТ эрдэнэсийн хишгийг бид сар бүрийн 21 мянган төгрөгөөр хүртэж, эцэст нь эрдэнэс ч үгүй, эргэж харах “донор” ч үгүй эзэнгүй Монгол улс үлдэх дээрээ тулаад байна. Хар, шар алтаар гулгиж буй Монгол улс гадагшаа урсгаж буй ашигт малтмалынхаа тоог ШАР НУНТАГ-аар өргөжүүллээ. Харин хэр үнэ хүргэж чадах эсэх нь манай улстөрчдийн ур чадварын асуудал болж үлдэнэ.
ШАР НУНТАГИЙГ “АРЕВА” ЭЗЭМШИНЭ
Манайхан алт, зэс, нүүрс зэрэг баялагаасаа гадна уран экспортлох асуудлыг хөндөж сүүлийн үед ураны асуудал ч хүчтэй яригдах болсон. Гэтэл саяхан Францын “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уулын ураны ордын туршилтын олборлолтоо дуусгаж олборлолт, үйлдвэрлэлд шилжихээр болсон тухайгаа хэвлэлээр мэдэгдэв. Ийнхүү Монголын томоохон ураны ордыг Францын “Арева” эзэмшихээр болж буй. Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг ч хуралдаж Монголын талын эзэмших хувь хэмжээг ярилцжээ.
“АРЕВА” “ОЮУТОЛГОЙ”-Н ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ
Харин ШАР НУНТАГ-аа гадагшаа экспортлон мөнгө босгохоор зүтгэж буй Монголчууд үүнээс гадна хувь хэмжээг тохиролцох том асуудалтай тулгараад буй. Урьдчилсан байдлаар Монголын тал 40 хувь эзэмших байр суурьтай байгаагаа дотор хоорондоо шивнэлдэж байгаа бол “Арева”-гийн хувьд хуульд заасанчлан 34 хүртэлх буюу түүнээс дээш хувь эзэмшүүлэх сонирхолгүй байгаа гэх.
Тэгэхээр “Арева”-тай хийх гэрээ Оюутолгойнх шиг хэдэн жил сунжирч, эцэст нь зээл өгч онигтоохгүй гэх баталгаа алга.
ШАР НУНТАГИЙН ҮНЭ ХАНШ
Ураны зах зээлийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2015 он хүртэл нэг паунд боловсруулсан уран дэлхийн зах зээлд 70-75 ам.доллар байна гэсэн таамаг судалгаа байдаг. Энэ нь кг уран 150 орчим ам.доллараар худалдагдана гэсэн үг. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ нь чамлахааргүй үнэ ханш бөгөөд экспортын бусад бүтээгдэхүүнийг бодвол ханш унана гэсэн асуудал бараг байхгүй гэхэд болно.
МОНГОЛ ДАХЬ УРАНЫ НӨӨЦ
Монгол орны нийт нутгийн 70 хувь нь ураны хайгуулд өртжээ. Хайгуул судалгааны үр дүнд ураны есөн орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэгийг олж тогтоосон байна. Эдгээр есөн ордод 74 орчим мянган тонн баталгаажих нөөц, 1.4 гаруй сая тонн хүдрийн нөөц байгаа аж.
Ураны ордын судал нь Монгол орны хойд ба баруун хэсэгт 1500 км урт, 450 км өргөнтэй нэлээд том талбайг эзэлдэг байна. Цөмийн энергийн агентлагаас гаргадаг “Улаан ном”-д мэдээлснээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 16-д, Азид зургаад жагсаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ