Цагаатгалын комисс хуралдав

img

Өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэх, шинэ онд хийх ажлын чиглэлээ тодорхойлохоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс өнөөдөр хуралдав. Тус комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн ажлаа тайлагнахдаа, өнгөрсөн зуунд улс төрийн шалтгаанаар баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа үндэслэлгүй халагдсан иргэдийн хэргийг сэргээн шалгах, хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх ажил 2013 онд үргэлжлэн хийгдсэнийг дурьдав. ТЕГ-ын тусгай архивт шинээр илэрсэн 6210 хүний хэргийг шалгаж дуусгаад байна. 2013 онд улс төрийн хэрэгт холбогдсон 703 хүний хэргийг шалгажээ. Мөн газрын архивт гадаадын  805 иргэнд холбогдох хэрэг шалгагдаагүй байгаа ажээ. Үүнээс гадна улс төрийн хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдоогүй, хэргийн ажиллагааг зогсоосон 955 хүнд холбогдох хэрэг байна. Өнгөрсөн онд Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар нийтдээ улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн 150 хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээж, 38 иргэнд цагааатгалын үнэмлэх олгожээ.

7

Түүнчлэн ТЕГ-ын архив бүртгэлийн хэлтэс 2013 онд улс төрийн хилс хэргээс цагаатгагдсан иргэдийн лавлагаа, тодорхойлолт, хуулийн байгууллагын цагаатгасан тухай шийдвэрийн хуулбарын хамт 744, Үндэсний төв архив хэлмэгдсэн иргэдэд холбогдох тухайн он, жилүүдийн хүн амын тооллогын бүртгэлээс ам бүлийн тодорхойлолт 780-ыг тус тус гаргаж нэхэмжлэгчдэд олгож үйлчилжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж эхэлсэн 1930-аад оны сүүлчээс өнөөг хүртэл 31180 хүн хилс хэргээс цагаатгагдаж нэр төр нь сэргээгдээд байна. 2013 онд улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төв  “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” цувралын 17-19 дүгээр боть, “Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл зэрэг 4 ном хэвлэн гаргаж, эрдэм шинжилгээний 20 орчим өгүүлэл нийтлүүлж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30 орчим хүний намтар, үйл ажиллагааг судалсан байна. Мөн хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 51 хүнд 45 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн тайлагнав.

7

Тэрбээр 2014 онд  хийх ажлын чиглэлээ  танилцуулахдаа, юуны өмнө “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-аар яаралтай шийдвэрлүүлэх,  улс төрийн хэрэгт шийтгүүлээд цагаатгагдаагүй үлдсэн, мөн сураггүй болсон, хэрэг материал нь нь олдохгүй байгаа  иргэдийн талаар тодруулах, цагаатгуулах, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах зэрэг зорилтыг дэвшүүлж байна гэлээ. Хуралдаанд оролцсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гишүүд саналаа илэрхийлэхдээ, юуны өмнө хэлмэгдсэнийг нь  нотлох баримтгүй байгаа, улмаар хэргийн ажиллагааг нь зогсоосон, сураггүй болсон иргэдийн хэрэг материалыг эргэж хянан үзэх  тэдгээрийг нэг мөр болгож  шийдвэрлэх,  гадаадад хэлмэгдсэн монгол иргэдтэй холбоотой хэрэг материалыг авч дуусгах, цагаатгалын хуулийн үйлчлэх хугацаа нь дууссан заалтын үйлчлэлийг сэргээж сунгах,  цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай  хэлэлцүүлж шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг онцлов.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ