Нийт төлсөн татварынхаа 90 хувийг улсаас буцааж авдаг болно
Татварын бодлогын анхны шинэчлэлийг 2007 онд хийсэн гэж салбарынхан үздэг. 2006 онд УИХ баталж, 2007 оноос мөрдөж эхэлсэн багц хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг бууруулж, 10 хувь болгосон бөгөөд өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа. Харин одоо татварын бодлогын хоёр дахь шинэчлэлийг хийх цаг болсон гэж УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд үзэж байгаа аж. Гэхдээ татварын шинэчлэл нэрийн дор татварын хувь хэмжээг өөрчилж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Мөн тус бүлгийн гишүүд татварын асуудлаар гишүүд дангаараа хуулийн төсөл өргөн барихаа больё, зөвхөн Засгийн газар өргөн барьдаг байя гэдэг дээр санал нэгдсэн.
\
1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг оны эцэст буцаан олгож байх хуулийн төсөл яригдаж байгаа. Татварын тухай хуульд шинэчилсэн найруулга хийж буй уг төслийг УИХ-д яаралтай оруулж ирэхийг АН-ын бүлэг Засгийн газарт үүрэгдсэн аж. Жилдээ 1,5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан компани дунджаар 10 хувийн ашигтай ажилласан гэж бодоход, 150 сая төгрөгийн ашиг олно. Үүнээс орлогын албан татвар болох 10 хувь буюу 15 сая төгрөгийг улсад тушаана. Хугацаандаа тайлангаа гаргаад, татвараа төлөөд явбал оны эцэст нийт төлсөн татварынхаа 90 хувь буюу 13,5 сая төгрөгийг улсаас буцаагаад авчихна. Энэ мөнгөөрөө бизнес эрхлэгчид үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр уг хууль батлагдвал жижиг, дунд үйлдвэрлэлийг тууштай дэмжих нэг алхам болно. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүд хугацаандаа тайлангаа өгөх, далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болж байгаа юм.
бы
Засгийн газраас мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төсөлд НӨАТ ногдуулах орлогын босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан байна. НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүд энэ татварыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэд шингээгээд хэрэглэгчдээс авчихдаг. Түүнчлэн өөрсдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлсөн НӨАТ-ыг эргүүлээд улсаас авчихдаг болохоор энэ төрлийн татварын дарамт эцсийн дүнд хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болон буудаг. Иймд НӨАТ төлөх босгыг өндөрсгөх нь НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо буурна гэсэн үг. Энэ нь хэрэглэгч буюу иргэдэд ашигтай юм. Эдгээр хуулийн төслийг дэмжихэд бэлэн байгаагаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.
бй
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ