Дахин сонгуулийн зардлыг хэлэлцэхийг буцаав

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуулийн зардал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тус аймагт ИТХ-ын сонгуулийг дахин явуулахаар болсон нь байнгын хороодын гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдээсэн юм. Гишүүд  эдүгээ дахин сонгууль явуулахыг зөвшөөрөх нь Үндсэн хуулийг зөрчих тул дахин биш нөхөн сонгууль явуулах нь зүйтэй, үүнийг УИХ батлах албагүй, Засгийн газрын шийдэх асуудал гэх мэтчилэнгээр мэтгэлцэв.

1

Тус аймагт 2012 оны орон нутгийн сонгууль явагдахад МАХН-ын нэрийг сонгуулийн хороо нь орхигдуулан явуулснаас ийнхүү дахин сонгууль явуулах маргаан дэгдсэн байна. Энэ маргааныг Дээд шүүх хэлэлцээд тус аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн дагуу аймгийн Сонгуулийн хороо зарим тойрогт дахин сонгууль зарласан байна.

1

Ингээд гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Сонгуулийн хууль бол өмнөх парламентын бүтээгдэхүүн. Зарим улстөрч өөрсдийнхөө баталсан хууль дээр эргэлзээд байгаад нь гайхаж байна. Аливаа сонгуулийн үр дүнгээр гарсан зөрчилдөөнийг хөөн хэлэлцэх хугацааг хуулиараа хааж өгөөгүй. Үүнээс үүдсэн маргаан өнөөдрийг хүртэл улбаалан явж байна. Нэг маргаан үүссэн бол хэдий хугацаанд дуусах вэ гэдгийг Орон нутгийн сонгуулийн хуулиараа нээлттэй орхисон. Үүнийг зохицуулах хэрэгтэй.

1

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Сонгуулийн маргаан он дамжин үргэлжилдэг. Энэ байдал газар авлаа. Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо МАХН-аас ИТХ-д нэр дэвшигчийг орхигдуулсан байна гэдэг үндэслэлээр маргаан дэгдсэн. Тиймээс нэр дэвшигчийг орхигдуулсан албан тушаалтанд хариуцлага тооцож байна уу, СЕХ. Сонгуулийн маргааныг түргэвчилсэн журмаар шийддэг тогтолцоог яаралтай бий болгомоор байна.

1

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Маргааныг 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт байлаа. Гэвч Үндсэн хуулийн Цэц дээр очоод хүчингүй болж байсан. Бид сонгуулиудын уялдаа холбоотой судалгааг гаргаад Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт өгсөн.  МАХН-ыг бүртгээгүй асуудал зөвхөн Говь-Алтайд гараагүй. Бусад тойргуудад ч гарсан. Бид зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй гэдгийг зөвлөмжиндөө дурьдсан.

1

УИХ-ын дэд дарга М.Энхболд: -2012 оны орон нутгийн сонгууль шинэ Их хурлын баталсан хуулиар зохион байгуулагдсан. Сонгуулийн санал авах өдрийг хүртэл урин дулааны улиралд хийе гэдэг саналыг гаргаж байсан. Харамсалтай нь МАН-ын бүлгээ зохион байгуулалтад оруулаагүй гэдэг үндэслэлээр бидний саналыг орхигдуулсан. “Шударга ёс” эвсэл, АН хоёр Засгийн газар байгуулсан гэрээндээ орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн агуулгатай зүйл оруулсан юм билээ. Гэтэл энэ гэрээ нь хэрэгжих ч юм шиг, хэрэгжихгүй ч юм шиг байснаас болоод олон газар МАХН, МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл бүртгүүлэхгүй байх үндэслэл бүрдсэн. Орон нутгийн сонгууль будилаантай болох шалтгааныг Төрийн ордонд сууж байгаа та бүхэн бүрдүүлсэн шүү дээ. Ч.Содномцэрэн дарга Багануурт орон нутгийн сонгуулиар ганцхан МАН-ыг бүртгэсэн гэж асуудалд туйлширж болохгүй. Говь-Алтай аймагт шүүхийн шийдвэр гарах болсон шалтгаан нь МАХН-ын дарга хоёр хүн байгаа юм шиг асуудал үүсгэснээс үүдсэн. Шүүхээр сонгуулийн асуудлыг шийдвэрлэдэг зүйл УИХ-аас аймгийн хэмжээнд очиж байна. Ер нь Монголд сонгуулийг цаашдаа яаж явуулах вэ. 2008 оны бүрдсэн орон нутгийн сонгуулийн бүрэлдэхүүн өнөөдөр нөхөн сонгууль явуулах санал оруулж байна. Энэ бүрэлдэхүүний бүрэн эрх дууссан шүү дээ. Хэрвээ сонгууль явагдсаны дараагаар ялагдсан аль нэг нам нь ҮХЦ-д хандвал яах вэ.

1

УИХ-ын гишүүн С.Баярцогт: -Дахин сонгууль явуулах хууль 55, 56 дугаар заалтаар зохицуулагдаж байгаа. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг уншихаар энэ хоёр заалт хамаараагүй байна. Би Дээд шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэдэгт гайхаж байгаа.

1

Ийнхүү гишүүд гурван цаг орчим мэтгэлцсэний дараагаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуулийн зардлыг батлах асуудлыг УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд СЕХ-нд буцаав.

1

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ