С.Бямбацогт: Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэд цалин, тэтгэврийг Цагаан сараас өмнө нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон байна. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Ц.Бямбацогт
-Өнөөдөр Засгийн газарт хуулийн төсөл өргөн барина. 2012 оны тавдугаар сард МАН Засгийн эрх барьж байх үедээ цалин, тэтгэврийг 53,8 хувиар нэмэгдүүлж байлаа. 2012 оноос хойш 2014 он хүртэлх хугацаанд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар хэмжээгээр өссөн билээ. Энэ хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар суларч, долларын ханш өссөн. Үнийн өсөлтөд ард иргэдийн амьдрал туйлдаж байна. Тиймээс инфляцитай уялдуулж цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байна. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөрт “ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн хэсэгт “Цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.
5
Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт туссан заалтаа нэмэгдүүлээч ээ. Өнөөдөр бодит амьдрал дээр инфляци жил бүр хоёр оронтой тоогоор нэмэгдэж байна. Эдгээрийг тооцоод үзвэл цалин, тэтгэврийг 30 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэж нэмэгдүүлэхдээ бага орлоготой, тэтгэвэртэй иргэдийн цалинг эхний ээлжинд түлхүү нэмэх шаардлагатай. Өнөөдөр дундаж тэтгэвэр 230 мянган төгрөг, бага нь 180 мянган төгрөг байгаа. Өнөөдөр 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь. Эдгээрийг илүү нэмэгдүүлье. Төрийн албан хаагчдын цалингийн дундаж хэмжээ 615 мянган төгрөг. Багш, эмч нарын цалингийн дундаж 540 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдынх 320 мянган төгрөг. Тийм болохоор бага цалинтай хүмүүсийн цалинг түлхүү нэмэгдүүлээч гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг Засгийн газарт хүргүүлж байна гэлээ. Дараагаар нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Бид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр явж ард иргэдийн амьдралтай танилцлаа. Захуудаар орлоо. Ингээд бодит байдал дээр судалгаа хийлээ. Иргэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, долларын ханш өсч, худалдан авах чадвар эрс муудаж байгаа тухай ярьж байна. Тийм учраас бид энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авах нь шаардлагатай гэж үзэж байгаа юм. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмдэг байх шаардлагатай. Таван хуулийн төслийг санаачиллаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 103600 төгрөг байдаг. Үүнийг 192 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад асаргааны тэтгэмж 48 мянган төгрөг байна. Тиймээс үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулж тооцмоор байна гэсэн юм.
Гурван их наяд төгрөгийг салхинд хийсгэлээ
Тус хэвлэлийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат оролцсон юм. Тэрбээр:
-Ардын нам XXVII их хурлаасаа хойш эх орноороо нар зөв тойрч, ард түмэнтэйгээ уулзсан. Уулзалт бүхэн дээр яригдсан нэг асуудал бол цалин тэтгэвэр нэмж өгөөч гэсэн хүсэлт байлаа. 2012 оны сонгуулийн дараа МАН эрх мэдлээ шилжүүлж өгч байсан тэр үеийн төгрөгийн ханшаар өнөөдөр тэр үеийнхээ бараа бүтээгдэхүүнийг авч чадахаа больсон байна гэж байлаа. Ардын намын гол барьж байгаа бодлого бол бага цалин, тэтгэвэр авч байгаа иргэдийн цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. Ер нь АН сонгуульд нэр дэвшихдээ “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн уриатай орж байсан. Өнөөдрийн үнийн өсөлт, инфляцийн байдал Монгол Улсын иргэн эх орондоо иргэн шиг амьдарч чадахгүй байна. Тийм учраас арга хэмжээ аваач гэж байгаа юм. Засгийн газрын бодлого олонхийг бус цөөнхийг дэмжсэн ажиллагаа явуулж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурван их наяд төгрөгийг салхинд хийсгэлээ. Гурван их наяд төгрөг гэдэг бол 4,6 жил Монгол Улсын иргэн бүрт хүний сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Гурван их наяд төгрөг гэдэг бол цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30-иас илүү хувиар нэмэх бололцоотой мөнгө байсан. Үнийн хөөрөгдлийг зогсоох бодлогын хэрэгжилт ач холбогдлоо өгсөнгүй. Хэдхэн олигархиудын халаасыг түнтийлгэсэн зүйл боллоо. Энэ буруу бодлогынхоо алдааг засаач. Цөөнхийг дэмжсэн бодлогоо зогсоож, олонхио дэмжсэн бодлогыг бариач ээ гэж эрх баригчдаас хүсч байна гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин, тэтгэврийг 2,3-3 дахин нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард 53,8 хувиар нэмэхэд цалин, тэтгэврийг бүрэн эрхийнхээ хугацаанд гурав дахин нэмсэн дүнтэйгээр 2012 онтой золгож байсан. Гэтэл одоогийн эрх баригчид өнөөдрийг хүртэл цалин тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. Харамсалтай нь өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнийг тэнгэрт тулгалаа. Иргэд дунд, жижиг бизнесийг боомилох хандлагатай боллоо гэж байна. Янз бүрийн шалгалтыг удаа дараа оруулж, ажиллах нөхцөл боломжийг нь хааж байгаа гэнэ. Бид хувийн хэвшил рүү хатуу сэтгэлээр хандаж болохгүй гэлээ.5
Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн “багыг илүү, илүүг бага” нэмэх зарчим баримтлан бага цалин, тэтгэвэртэй хэсгийн цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж”-ийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс тооцон олгож эхлэх хэрэгтэй юм. 2012 оны гуравдугаар сарын есний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар “ахмад настны тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тооцон нэмэгдүүлэх”-ээр заасан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлах, Засгийн газар батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг тус тус шаардлаа.
5Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан байна. Хуулийн төслийг маргааш Засгийн газраас санал авахаар хүргүүлэх юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.5
-Засгийн газар цалин тэтгэвэр нэмэгдүүлэх мөнгөний эх үүсвэр нь байгаа юм болов уу?
-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж 235 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суутгуулсан. Засгийн газар энэ бүх боломжоо ашиглаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Өнөөдөр төрөөс 210 мянга орчим хүн цалин авдаг. Хэрвээ нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэж үзвэл 840 мянган хүн төрөөс тэжээгдэж байна. Тэтгэвэр авдаг 320 мянган хүн байдаг. Цаана нь тэтгэмж авдаг 60 мянган хүн байдаг. Ингэхээр цалин, тэтгэвэр нэмэх арга хэмжээ Монгол Улсын хүн амын дийлэнхийн амьдрал ахуйд нөлөөлөх юм. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн гурван талт хэлэлцээрээр цалингаа нэмэгдүүлэх байх.
5
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ