Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ

img

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай  хийсний  дараа  Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжлэн явагдлаа.  Тус байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд  Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлж дууссаны дараа уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газрын хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албанаас ирүүлсэн зөвлөмжийг тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж уншиж танилцуулав. Зөвлөмжид төслийн 1 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн Иргэний зөвлөлийн гишүүнийг анх томилохдоо заасан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 21.3 дахь хэсгийн Иргэний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын иргэнийг “гурван жилийн хугацаар томилно” гэсэнтэй зөрчил үүсгэж болзошгүйг анхаарч нэг мөр болгох, төслийн 13 дугаар зүйлд цагдаагийн байгууллага, албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, түр хугацаанд үйлчлэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр заасан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 33.6 дахь хэсгийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг хуулиар тогтоохоор заасан заалттай нийцэхгүй байгааг анхаарах гэх мэт зүйлүүдийг тусгажээ.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж саналаа хэлэв. Дараа  нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад  гишүүдийн олонх нь дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ