С.Зориг, Б.Дангаасүрэн нарын үхлийн шалтгааныг зөн билэгчид хэлэхгүй байж мэднэ
Оросын “Зөн билгийн тулаан” гурав тэмцээний ялагч Мехди Ибрагими Вафа, мөн энэ тэмцээний дөрөв болон есдүгээр тэмцээний шилдэг оролцогч Нонна Хидирян нар Монголд ирэхээр болсон. Тэднийг ирэхээр Ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг, АТГ-ын дарга асан Б.Дангаасүрэн нарын үхлийн шалтгааныг асууж тодруулахыг энгийн иргэд хүсч байгаа юм. Ийм бололцоо байгаа эсэхийг одоогоор хэлэх боломжгүй гэсэн хариуг Зөн билгийн академийн тэргүүн Л.Өнөрбаяр өгч байна. Жирийн иргэдээс энэ академийнханд хандаж, энэ хүсэлтийг ч гаргасан байна. Гэхдээ яг үзүүлж, үхлийн шалтгааныг хэлэх боломж байгаа эсэхэд одоо хариулахгүй. Ирснийх нь дараа ярих асуудал гэж Л. Өнөрбаяр хэллээ.
Энэ баасан гарагт монголд ирэх зөн билэгчдэд 30 хүн үзүүлэх боломжтой байгаа. Эднээс 20 нь мөнгө төлж, үзүүлэх эрхээ авч байгаа юм. Тэгвэл 20 хүн нь хэдийнээ тодорчээ. Хүн тус бүр 1000 доллараар, 20 хүн 20 мянган доллар төлж үзүүлэхээр болсон байна. Тэдний нутагтаа үздэг үнэ нь энэ юм.
Уг нь монголчуудад зориулаад 50 хувь хөнгөрүүлэх боломж байгаа гэж байсан ч бүтээгүй байна. Учир нь тэдний замын зардал, монголд байрлах буудал зэрэгт мөнгө шаардлагатай. Тиймээс үнээ хямдруулахгүй байхаар болсон гэж байна.
Үзүүлэхээр болсон 20 хүн бүгд асуудалтай, өмнөө тулгарсан бэрхшээлтэй байгаа учраас тэднээс С.Зориг болон Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгааныг асуух хүн олдохгүй гэсэн үг. Тэгэхлээр энэ хэргийн талаар асуух боломжтой хүн нь азын билет авсан үзэгч болж болохоор байгаа юм.
Энэ сарын 15-ны өдөр болох Зөн билгийн тулааны хаалтын ажиллагааг үзсэн үзэгчдээс 10 үзэгч азтан болно. Тэд асуулт асуух эрхтэй болно. Азтан бологчдоос нууц болон үлдэж мэдэхээр байгаа хэргийн талаар асуугаад магадгүй зөн билэгчид хэргийн талаар гарц хэлж өгвөл тэд 500 сая төгрөгийн эзэн ч болж мэдэх юм. Учир нь С.Зориг агсны хэргийг илрүүлэхэд нөлөөтэй мэдээлэл өгвөл улс 500 сая төгрөгөөр худалдан авахад одоо ч бэлэн байна.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал хэлэхдээ С.Зориг агсны хэргийг өнөөдрийг хүртэл шалгаж байгаа. Хэргийг илрүүлэхэд нөлөөтэй мэдээллийг тодорхой журмын дагуу үнэлэн худалдан авч байгаа гэлээ.
Цагдаагийн байгууллага иргэдээс 2 янзаар мэдээлэл авдаг. Гэмт хэргийг илрүүлэхэд онцгой чухал мэдээллийг мөнгөөр худалдан авдаг юм. Тэгэхлээр олон жил илрээгүй С.Зориг агсны хэргийг азтан болсон нэгэн асууж, зөн билэгтэн хэлж өгч чадвал баяжих боломж иргэдэд байна. Улс төрчид айж бэргэхгүй, азтан болсон үзэгчид энэ талаар асуух боломжийг олговол олон жил нууцлагдсан аллагын шалтгаан тодорхой болж ч мэдэх юм.
Л.Ариун-Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ