Халим сиамийн ихэр зулзага төрүүлжээ
Мексикийн загасчид Калифорнийн хойгийн “Ojo de Liebre” булангийн далайн эрэг орчимд калифорнийн саарал халим цээжээрээ холбогдсон сиамийн ихэр зулзага төрүүллээ гэж “EFE” агентлаг мэдээллээ.
Биологич Бенито Бермудезийн үзэж буйгаар, уг сиамын ихэр зулзага амьд төрсөн ч удалгүй 1-2 цагийн дараа амиа алджээ. Тэднийг судлахаар Мексикийн биологийн лабораторид авчирсан байна.
Калифорнийн саарал халимнаас төрсөн зулзага тав орчим метр урттай байдаг. Харин энэхүү сиамийн ихэр зулзага хоёр метр урттай тул тэднийг дутуу төрсөн гэжээ. Энэ нь калифорнийн саарал халимны хувьд сиамын ихэр зулзага төрүүлсэн анхны тохиолдол юм.
Жил бүр олон мянган халим АНУ-ын Аляска мужийн өмнөд хэсгийн далайгаас Мексикийн дулаан усанд ирж, төллөдөг юм. Энэ халим нь бусад төрлөөсөө бага зэргийн ялгаатайгаас гадна, Калифорнийн эрэг орчмоос хол нүүдэллэдэггүй учир тусгайлан “калифорнийн саарал халим” гэж 1985 онд нэрлэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ