Харьд одсон тэр
Дөрвөн жилийн хугацаанд л гэхэд Монгол Улсын нийт 6128 иргэн гадны 81 орны хүргэн, бэр болжээ. Хамгийн өндөр үзүүлэлт 2007 онд гарсан бөгөөд манай улсын нийт 972 иргэн өөр орны хүнтэй гэр бүлээ батлуулсан байна. Гэвч тоон үзүүлэлт жилээс жилд буурч 2010 онд 469 иргэн хил дамнасан гэр бүлийг бий болгожээ. Энэ дунд хамгийн олон буюу 4084 нь Солонгосын иргэнтэй гэр бүл болсон албан ёсны тоо баримт байна. Харин Солонгосын хүргэн, бэр болох тохиолдол жилээс жилд буурсныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан статистик мэдээллээс харж болно. 2007 онд 701 монгол иргэн солонгостой гэр бүл болж байсан бол 2008 онд 500, 2009 онд 358, 2010 онд 288 болон буурсан үзүүлэлт гарчээ. Харин бусад улсын иргэдтэй гэр бүл болох байдал хэлбэлздэг ч төдийлөн өөрчлөлт гардаггүй аж. Тухайлбал 2007онд 48 монгол Японы иргэний гэр бүл болсон бол 2008 онд 51, 2009 онд 23, 2010 онд 30 олон соёлт гэр бүлийг бий болгожээ.
5
Харийн хүргэн, бэрүүдийн дунд солонгосчууд өндөр хувийг эзэлдгийн хэрээр гэр бүл цуцлалтаар ч тэргүүлдэг байна. 2007-2010 оны хооронд нийт 476 гэр бүл цуцлагдсанаас 359 нь солонгосын иргэнтэй гэр бүл болсон тохиолдол байжээ. Үлдсэн 117 нь БНХАУ, Япон, ОХУ, ХБНГУ, Англи, АНУ-ын хүргэн, бэр болсон залуус өрх тусгаарлаж. Энэ бол холбогдох байгууллагуудад мэдэгдсэн албан ёсны гэрлэлт бас цуцлалт. Үүний цаана хичнээн хамтран амьдрагч байгааг тэдний хэд нь салж нийлж буйг бид мэдэхгүй.
6
Хэнтэй гэрлэж, хэд салж нийлэх нь хүний эрхийн асуудал. Үүнийг бид эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд энгийнээр тайлбарлачихсан. Тиймээс ч харийн хүргэн, бэр болохыг хориглож чадахгүй. Товчхондоо монгол цус, генийг цэврээр авч үлдэх боломжгүй нь нэгэнт тодорхой болсон цаг үе. Тэгэхээр монгол гэх сэтгэл, хэл соёлыг бусдад уусгахгүй байх нь чухал. Дор хаяж солонгос эцэг эхтэй, тэнд төрж, өссөн байлаа ч монгол ээж, аавтай л бол тэр хүүхэд монгол хэл мэддэг байх ёстой. Дэлхий даяаршиж, хил хязгааргүй болсон байлаа ч өөрийн бүхнээ авч үлдэх нь бидний үүрэг. Гадаад нэгэнтэй амьдралаа холбож, өөр улсын иргэн болсон ч харьд одсон ч тэр Монголоос тасрах ёсгүй.
6
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ