Хүнсний нөөцөөр улстөржихгүй шүү
100 мянган тонн улаанбуудайг импортлохоор татвараас чөлөөлөх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байв. Энэ үед гишүүн Су.Батболд “Атрын III” аяныг үргэлжлүүлэх хэрэгжүүлэхгүй, одоо импортын буудай авах гэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ улаанбуудайг импортолсноор тариаланчдад сөргөөр нөлөөлөх юм биш биз. Үүнийг бодолцсон уу. Бодлого ярих хэрэгтэй. Мэргэжлийн байнгын хороо нь эхлээд хэлэлцэх байсан. Гэтэл байнгын хорооны хуралдаанаар нь хэлэлцээгүй байна.” хэмээн шүүмжлэлтэй хандсан юм. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан эсэргүүцэж, “Байнгын хороо дэмий хуралддаггүй юм шүү. 2008 оноос хойш хүнсний хэрэглээ нэмэгдсэн. Монголчуудын стратегийн хүнсний нөөцөөр улс төр хийхгүй шүү. Атрын аян үр дүнгээ өгсөн. 2012 онд улаанбуудайн тариалах талбай багассан нь үнэн. Гэхдээ 2012 онд ургац алдсан. МАН-ынхан жижиг зүйлээр улстөр хийхгүй шүү” хэмээн чуулганы танхимд ширүүхэн зандчив. Үүнд Су. Батболд гишүүн мөчөөгөө өгсөнгүй “Та нар олонхи болсон гээд хүн хүн руу загнаж, үсчээд байхгүй шүү. Бид та нарт загнуулах гэж энд сууж байгаа юм биш. Та нар бодлогоо ярьчихаад маргалдаарай” хэмээн гэдийв. Гэхдээ Г.Баярсайхан гишүүн бодлого хэрэгтэй, бид ургац алдсан гэдгийг дараа дараагийн гишүүдийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрч байна. Ц.Нямдорж гишүүн ч түүний үгэнд эгдүүцсэнд “Би алдаагаа хүлээж байна. Та талх иддэг хүн, эхлээд би ярьчихъя” хэмээн загнахаа больж, буруугаа хүлээнэ лээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ