Засгийн газар 2014 онд юу хийх вэ
Зуу хүрэхгүй жилийн өмнө Монгол Улс 700 мянга гаруйхан хүн амтай байсан бол энэ жил бид 3 саяуулаа болно. Монгол хэмээх үгний утга санааг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл мон нь олуулаа гэсэн утгатай. Энэ нь гол гэсэн үгтэй нэгдсэнээр Монгол буюу олуулаа болох нь гол гэсэн үндсэн утгыг илтгэдэг.
6
Тийм ээ, бид олуулаа болж байна. Тэр тусмаа нийт хүн амын 66 хувь нь хөдөлмөрийн насны шижигнэсэн залуус байна. Тийм ч учраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголдоо бүтээцгээе” хэмээн уриалж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих өндөр зорилт дэвшүүлсэн нь нүдээ олсон алхам болж байна. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг гаднаас авдаг. Гэтэл валютын нөөц хомсдож, ам.долларын ханш өдөр ирэх бүр дээш цойлсоор байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг шууд өсгөх, улмаар иргэдийн амьжиргаанд нөлөөлөх, валютаар зээл авсан аж ахуй нэгжүүдээр дамжин банкны салбар хүндрэх зэргээр Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь хямрал руу чирж байна. Энэ цаг үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн чухал алхам юм.
7
Энэ тухай Ерөнхий сайд “Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг. Тиймээс Монголдоо бүтээх үйлдвэрлэх цаг, хэрэгцээ шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ” хэмээсэн. Иймч учраас тэрээр “2014 он “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриатай жил байх болно. Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө санхүү хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр үйлдвэрлэлээ дэмжинэ. 270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.
7
Санхүүжилт хийснээр боловсруулах салбарын үйлдвэрлэл 2 дахин өсөх тооцоо байна. Мөн боловсруулах салбарт 29500 хүн ажиллаж байгаа бол үүн дээр 32000 ажлын байр шинээр бий болох аж. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд барилгын материал, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, модон болон хуванцар эдлэлийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг дэмжин. Мөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг боловсруулах, хагас коксжсон нүүрс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдад ноосны, тариаланчдад буудайн урамшуулал олгох, хөдөө аж ахуйн биржийг дэмжих аж.
7
Үүнээс гадна дэд бүтцийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжин. Тодруулбал, энэ онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлнэ. Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулах юм. Түүнчлэн, эрчим хүчний салбарт олон ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулах аж.
7
Шинэчлэлийн Засгийн газрын бодлого аймгуудын хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа нь ихээхэн чухал алхам юм. Энэ хүрээнд 150 тэрбум төгрөгийг аймгуудын хөгжилд зарцуулна. Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ, 12 аймагт оношилгооны төв байгуулж байгаа, энэ хавар ашиглалтад өгнө. Мөн аймаг бүр жишиг сумтай болно. Түүнчлэн, орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилж, 30 мянган айлыг орон сууцтай болгож, өнгөрсөн жилийн амжилтаа нэмэгдүүлнэ гэлээ.
7
Ажил эрхлэлтийг нэмэгдүүлж айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд хийх ажлуудаа Ерөнхий сайд танилцуулсан. Тэрбээр “40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3.2, залуу малчдыг дэмжихэд 3.5 тэрбум төгрөг зарцуулж, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 50 мянган ажлын байр шинээр бий болгоно, 24-өөс дээш насны 7 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, оюутны цагийн ажил, зуны ажил хөтөлбөр хэрэгжүүлж 10 мянган оюутныг ажилд зуучилна, жижиг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын дарамтыг багасгана” гэж хэллээ.
7
Төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх зорилтын хүрээнд нээлттэй, ухаалаг төрийн төлөө ажиллана, зарим ажлыг эхлүүлсэн байгаа. 11 11 төвийг ажиллуулсан нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа, энэ төвөө өргөтгөнө. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлнэ, төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгоно. Шилэн данс, шилэн тендерийг бий болгоно. Мөнгө, төсөв хөрөнгөө иргэдэд нээлттэй болгоно. Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн шалгаруулалтыг ил тод явуулна гэлээ.
7
Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал, өнгөрсөн жилээс зарим амжилтууд гарч эхэлсэн. Энэ үзүүлэлтээр манай улс 2012 онд дэлхийд 88 дугаар байрт орж байсан бол өнгөрсөн жил 76 дугаар байрт орсон. Энэ амжилтаа улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, тоон гарын үсэгт шилжих, төрийн өмчийг эзэнжүүлэх, тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, мэргэжлийн хяналтын шинэлчлэл, хөрөнгө оруулалтын шинэ орчин бүрдүүлэхийн төлөө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ гэлээ.
7
Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриа дэвшүүлсэн. Энэ зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар товч танилцууллаа. Үүний үр дүнд Монголын эдийн засгийн өсөлтийг 2 оронтой. инфляцыг нэг оронтой тоонд хадгална гэлээ. Мөн энэ онд 85 цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барина. Энэ онд монголчууд бид үйлдвэрлэгч улс болно. Бүтээн байгуулна, 3 саяулаа болно. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Бүгдээрээ хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ