Бяцхан айлчлал
Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, УИХ дарга, гишүүд, хотын дарга ер нь тэгээд манай дарга даамлууд бүгдээрээ газар дээр нь ажиллах дуртай. Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Цагдан хорин 461 дүгээр ангид “ажиллажээ”. Тус ангийн нөхцөл байдалтай танилцаж, сэжигтнүүдийн санал бодлыг сонссон гэнэ. Тэгээд эцэст нь “шинэчлэх шаардлагатай олон ажил байна" хэмээн дүгнэжээ. Мэдээж ширээний араас дүгнээгүй болохоор үнэний ортой байх. Бас УИХ-ын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Гадаад харилцааны яаманд ажиллав. Монгол Улсын гадаад харилцааны аюулгүй байдалтай танилцсан гэнэ. Энэ мэтээр манай дарга нар газар дээр байнга ажиллаастай. Шийдвэр гаргагчид газар дээр нь ажиллаж, бодит байдлыг өөрийн нүдээр харах нь сайн хэрэг. Зөөлөн сандал, гоё ширээний араас харагддагаас огт өөр зүйлийг үзэж, мэдрэх нь гарцаагүй. Харин энэ бяцхан айлчлалын дараа юу өөрчлөгддөг вэ?
ааааа
Шууд өөрчлөлт, үр дүн нэхэхээсээ урьдаж өмнөх үйл явдлыг жаахан нуршия. Төрийн өндөрлөгүүдийн хувьд газар дээр нь ажиллахын тулд сүрийг бадраана. Хэдэн өдрийн өмнөөс л хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Гэнэтийн байна гэж хэзээс ч байхгүй. Тэгээд нэг юм явахдаа зам хааж, яарч яваа нэгэнд бол гай болно. Дагалдан баясагчид ч цөөнгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сайд нар, гишүүд дагаастай. Харин хотын даргыг орлогч нар нь, дүүргийн Засаг дарга, агентлаг, газрын дарга нь дагалдан баясна. Үүнийг монголоор барилдахаасаа таахалзах нь гэдэг.
ааааа
Очно гээд урьдчилаад зарлачихсан учраас хаана ч, хэн ч хэзээд бэлэн. Аль хэдийнэ шинэ халаадаа өмсч, ширээний бүтээлгээ сольчихсон байна. Бүх зүйл алдаа мадаг гарахгүйгээр урьдчилан бэлтгэгдсэн учраас но-той, ноцтой бүхэн хөшигний цаана. Хэн ч хөшгийг татаж үзэхгүй. Ажлаа муу хийсэн нэр зүүж, чичлүүлэхгүйн тулд өөрсдөөс нь шалтгаалсан болж бүтээгүй бүхнийг хав дарчихна. Харин хөрөнгө мөнгө, тусламж дэмжлэгийг хүссэн зовлон зүдгүүр ил цагаан. Ийм хэмжээний мөнгөтэй болчихвол энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдчих тухайгаа дуулгана. Төр, эрх мэдэлтний оролцоотой асуудал байхыг үгүйсгэхгүй ч тоочсон долоон булчирхайн багагүй нь өөрсдөөс нь хамааралтай байдаг.
ааааа
Магадгүй яг газар дээр шийдвэрлэх асуудал нууц далд байдаг учраас л шийдвэр гаргагчид шийдвэрлэх асуудал их байна, гарах гарц хайх хэрэгтэй, бид судална, шинэчлэл хэрэгтэй гэх мэт хуудуутай үгс хэлдэг байх. Харин ил тоочсон зовлонг судлахаа амална эсвэл судалж үзэхийг хэн нэгэнд даалгадаг. Тэгэхээр газар дээр ажилласан бүхнээс үр ашиг, өөрчлөлтийг газар дээр нь шаардах боломжгүй. Ёстой л цаг хугацааны асуудал болон үлдэнэ дээ. Ноцтой нь ихэнх тохиолдолд асуудал бахь байдгаараа дараагийн газар дээрхийн үеэр яригдах нь ч бий. Танилцаад л өнгөрсөн болохоор тэр байх.
аааа
Ер нь зүгээр л ажилтай танилцахаар ирсэн хүмүүсээс илүү юм шаардаад байх нь илүү зан ч юм уу?!
ааа
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ