АЗХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүвшин сонгогдлоо
АН-ын дэргэдэх АЗХ-ны Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис зочид буудалд болж өнгөрлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог уг хурлаар ээлжит сонгуулиа явуулж, Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчөө сонгосон юм. Тус холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон хүн тодорхой насны хугацаа заасан байдаг. АЗХ-ны Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан УИХ-ын гишүүн Б.Болорын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болж байгаа юм. Тус холбооны Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Баатархүү, Ерөнхий сайдын зөвлөх н.Тулга нарын нэрийг дэвшүүлснээс Г.Баатархүү, н.Тулга нар нэрээ татан авснаар өрсөлдөөн Б.Баттүвшин, С.Дэмчиг нарын дурд өрнөсөн байна. Их хуралд нийслэл болон орон нутгаас нийт 155 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний 76 нь Б.Баттүвшинд, 75 нь С.Дэмчигт саналаа өгсөн байна. Хүчингүйд тооцогдсон гурван санал С.Дэмчигт өгсөн санал байжээ. Ийнхүү АЗХ-ны Ерөнхийлөгчөөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин сонгогдлоо. Мөн Их хурлаараа хоёр тэргүүн дэд Ерөнхийлөгч, зургаан дэд Ерөнхийлөгч сонгосон байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ