Улиастайн хүүхдүүд “Гэр номын сан”-тай боллоо
Өнгөрөгч бямба гаригт Улиастайн гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд зориулсан “Гэр номын сан” нээлтээ хийв. Энэхүү номын сан Улайстайн эцэст байрлах “Заяу тайж” холбооны тэргүүн Ц.Тамара гуайн хашаанд байрлаж байгаа юм. “Лантуун дохио” ТББ-ийн залуусын санаачилсан энэхүү номын санд хүүхдэд зориулсан 2000 гаруй уран зохиолын, үлгэрийн ном, сурах бичиг, гадаад хэл дээрх номнууд ч багтсан аж.
“Лантуун дохио” ТББ-ийн Ч.Ганжавхлан хэлэхдээ “Ном гэдэг хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй. Гэр хорооллын ялангуяа Улиастай эцсийн энэ орчимд амьдралын түвшин доогуур амьдралтай айлууд их байдаг тул хүүхдүүдэд нь ядаж ном зохиол уншиж, амьдралын гэрэл гэгээг мэдэрч, хүсэл мөрөөдөлтэй болж, түүнийхээ төлөө тэмүүлэх сэтгэлтэй болоосой гэж хүссэн юм. Номын сантай болгох санаа яагаад төрсөн бэ гэвэл Тамара эмээгийн гэрүүд дунд нэг өрх толгойлсон ээж 2 хүүхэдтэйгээ байдаг. Хөөрхөн хүү бий 10 настай. Хүүгээс нэг удаа би асуулаа.
-Ахын дүү өглөө хичээлдээ яаж явдаг юм бэ ?
- Өглөө 6 цагт гэрээсээ гараад алхдаг
-6 цаг чинь харанхуй биз дээ хаашаа алхдаг гэж ?
-Эхлээд уул жалгаар яваад гэр хороолол дундуур дамжин тэгээд Улиастайн шинэ эцэс дээр очдог, тэндээсээ автобусанд суугаад тэгээд хотын төвөөс нэг дамжин III хорооллын 40 сургууль дээр очдог
-Нийт хэдэн цаг явдаг юм бол ?
-2 цаг илүү явна …
-Орой бас адилхан уу ?
-Орой бүр илүү удаан явж ирдэг
-Ирээд даалгавраа хаана хийдэг вэ ?
-Тийм газар байхгүй, ээждээ тусладаг /Ээж нь хэвтрийн/
Би хүүгээс цааш нь асуух зүйл олдооггүй, хэлэх үг ч байгаагүй, хүү сурах эрмэлзэлтэй. Орон гэргүй болсон нь түүний буруу биш. Нийслэлийн захын хороололд түүнтэй адил олон хүүхэд байгаа. Тиймээс эхний ээлжинд Тамара эмээгийн хашаанд “Эмээгийн гэр цэцэрлэг”-ийн хажууд байрлуулсан. Сайн үйлсийн аянг дэмжиж гадаад, дотоодоос маш олон хүн ном хандивласан. Монголдоо хамгийн анхных гэж болохоор зөвхөн гэрт зориулсан номын тавиур хийсэн. Энд 5 ширээ, 10 сандалтай. Хүүхдүүд энд ирээд номын санчид анкетаа бөглөөд номоо уншина. 5 удаа ирж ном уншвал гэртээ авч явж унших эрхтэй болно. Бид бүх номоо дугаарлаж, кодлосон байгаа. Хүүхдүүдэд таарсан хуулийн зөвлөгөө, сэрэмжлүүлэг, сургалт зэргийг явуулна, мөн “Хөршийн хариуцлага” гэдэг үгийг тангад ном шиг давтах болно. Учир нь амьдрал ядуу байх тусам гэр бүлийн хүчирхийлэл, элдэв хууль бус хэрэг их гардаг. Тиймээс хүүхдүүдэд энэ талын мэдлэг олгож, хүүхдээд дамжуулж, гэр бүлд нь нөлөөлөх гэсэн алхам юм. Хамгийн гол эцэг эх нь ядуу амьдарч байгаад хүүхдүүд буруугүй шүү дээ. Дараагийн ээлжинд ядуурлын зэргээрээ нийслэлд дээгүүр хотын захын бусад гэр хорооллын хүүхдүүдэд зориулж номын сан нээнэ” гэлээ.
Тус номын санд “Мон судар” хэвлэлийн компаний хамт олон сар бүрийнхээ шинэхэн дугаараар “Гэр номын сан”-г маань байнга хангаж байхаар болсон байна. Номын сангын нээлтийн үеэр маш олон хүмүүс ирж ном хандивласан юм. Мөн энэ үеэр “лантуун дохио” ТББ-ын залуучууд болон дэмжигч гишүүдийн төлөөлөл шинээр ирсэн номыг дугаарлах, хандиваар ирсэн 10 тонн нүүрс зэргийг буулгах гээд багагүй ажилтай байв. Харин зарим нь өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн “Эмээгийн цэцэрлэг”-ийн хүүхдүүдтэй өдрийг өнгөрүүлсэн юм.
Би энэ өдөр санаачлагатай залуучуудын номын нээлтэд очихдоо унаанаас нь хоцорсон тул Улиастайн автобусанд суун Тамара эмээгийн хотхоныг зорьсон . Автобус явсаар эцсийн буудалд ирж, өмнө нь хэд хэдэн удаа очиж байсан тул төөрөхгүй гэж итгэн гэр хорооллын гудамжаар алхаж явсан юм. Гэвч хэдхэн алхамын цаад тал харагдахгүй шахам утаанд гудамжаа андууран төөрч, мухар гудамжинд гартаа ганц чулуу атгаастай гурван нохойд идүүлчихээ шахан боорлуулж, тусламж эрэн хашгирсаар хүний бараа харж мэнд салсан. Айдсаа дарж чадахгүй буцмаар байсан ч би Тамара эмээ, тэнд байгаа хүүхдүүд ямар байгаа бол гэр номын санг яаж хийсэн бол гэсэн хүсэл минь дийлсэн. Эцэст нь маш тойруу замаар эзэнгүй уулын бэлээр явсаар тэднийг олж очсон. Зорьсон газраа ирж, сэтгэл амасхийж, сурвалжлагаа хийж дуусаад гэрлүүгээ явж байхдаа өглөө бүр 06 цагт харанхуй гудамжаар алхдаг 10 настай жаахан хүү ямар их зориг тэвчээр дүүрэн, ирээдүйнхээ төлөө хичээдэг болохыг мэдэрсэн бахархсан. Бас яагаад ч юм гуниг төрж уйлмаар санагдсанаа нуух юун.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ