"Made in Mongolia"-г нэг их наядаар дэмжинэ
Манайх гэдэг айл сүлжээ дэлгүүрүүдээс бараагаа базаадаг уламжлалтай. Саяхныг хүртэл анзаараагүй зүйлээ кассын талоноос олж харсан юм. Тэр нь юу гэхээр, миний сонгосон барааны дийлэнх дээр харь оронд үйлдвэрлэснийг гэрчлэх шошго наалттай байна. Гэтэл Монгол дахь солонгос хүмүүс манай хэдэн том дэлгүүрийг алгасч хангүг үндэсний бараагаараа худалдааны төв ажиллуулж байна. Сонголт нь мэдээж, Сөүлд л үйлдвэрлээгүй бол татгалзах. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж хувийн хэвшил, төр нь мянга уриалаад байхад бид гадаад барааг шүтсэн үзлээсээ салаагүй болохоор цөөхөн монголчуудын бизнес яст мэлхийн хурдаар хөгжиж буйд гайхах юун.
6
Монголд үйлдвэрлэсэн бараа чанаргүй, өндөр үнэтэй, өнгө үзэмж муутай гэсэн шүүмжлэл урт настай үргэлжилж байна. Гэтэл бидний бялууртлаа магтах дуртай гадаадын том том брэндүүд эх орноосоо дэлхийн хэрэглээ болтлоо дээрх шүүмжлэлийг тойроогүй нь лавтай. Аль ч барааг зах зээлд гаргахад шүүмжлэл, магтаал зэрэгцдэг, түүнийг давж өрсөлдөөний шалгуурт тэнцсэн нь үлддэг жишигтэй. Нөгөө талаас төрийн бодлого ч үүнд нөлөөтэй. Зөвхөн Өмнөд Солонгос улс гэхэд нийтийн тээврийн компаниудаа ашигтай, иргэдээ хохиролгүй зорчуулахын тулд компаниа татвараас хөнгөлснөөр зорчих тасалбарын үнийг аль аль талд нь хал балгүй барьж байна.6
Харин Хятадад жижиг компаниудаа татвараас чөлөөлж байна. НӨАТ, болон бусад төрлийн татварыг бууруулж, бүр чөлөөлснөөр олон хүний ажлын байрыг авч үлдээд зогсохгүй эцсийн хэрэглэгчид очих хүнс, барааны үнийг ч "хөөсрөлт"-өөс хамгаалж байна. Ингэхээр Бээжин дэлхийн тэргүүн зэргийн бүтээгч, үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нь тохиолдлын хэрэг биш юм. Цэнхэр бємбєрцгийн хаана л бол хаана Цагаан хэрмийн эздийн гараар бүтсэн хүнс, бараа, хувцас хэрэглэл "хахаж" байна. 1980-аад оны сүүлч 1990-ээд оноос 2005 он хүртэл Монголд оёдлын 100 гаруй үйлдвэр, 20 гаруй мянган ажилчин байжээ. Бид жилдээ 30 сая бүтээгдэхүүн АНУ-д гаргаж байсан гээд бод доо.6
Өнөөдрийн бидний чихэнд үнэмшмээргүй дуулдах ч социалист нийгмийн гавшгайчдын нүдээр бол хэвийн үзэгдэл тэр байсан биз. Ардчиллын замд нэгдээд дөнгөж хорин хэдхэн жилийг элээхдээ бид өөрсдийн гэх үнэ цэнэтэй зүйлийнхээ ихэнхийг гээчихэж. Экспорт гэвэл алт, зэс, нүүрс, ноолуур. Импорт нь экспортоосоо хоёр дахин єндєр дүн эзэлж шаазан аягаа хүртэл дотооддоо үйлдвэрлэх нь ховордсон. Хvмvvсийнхээ 80-аас илүү хувийг хилийн чанадаас базааж байна. Гадаадаас хараат эдийн засгаа өөрчлөхөөр Засгийн газраас энэ онд нэг их наяд төгрөгөөр үйлдвэржилтээ дэмжих нь. Долоон их наяд төгрөгөөр төсөв хэмжигдэж бyйтaй дүйвэл энэ том тоо.6
Сонссон хэн бүхэн сайшаалаа харамламааргүй дүн. Том том төлөвлөгөө өвөрлөсөн Засгийн газар үүгээр экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих юм билээ. Хөх толбот хүмүүсийн гараар бүтсэн брэндүүд "Made in mongolia" шошготойгоор зах зээлээ эргүүлэн олж авахад энэ засгийн бодлого чиглэх юм байна. Олон нийтэд шинэ найдвар төрүүлсэн энэ зорилтод дайх үгс бас бизнесмэнүүдэд бий. Хэчнээн хөрөнгө гаргаж дэмжлээ гээд үнэ, чанараараа өрсөлдөөнд бууж өгөхгүйн тулд бэлтгэлээ сайн базаахыг тэд сануулж байна. Саяхны жишээг дурдахад, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр 26 тэрбум төгрөгийн зээлийг компаниудад өгсөн ч үнэ, чанарынхаа хувьд эцэг эхчүүдийн шүүмжлэлийн бай болоод байна.6
Хэтэвчинд багтсан үнэтэй, эдэлгээ даах чанартай байхгүй бол хэрэглээнээс гээгдэх аюул үйлдвэрлэгчдийг хүлээж байна. Үүнээс сэргийлэх алхмыг төр, засгаас зах зээлийг нь бий болгох, татвараар урамшуулж хөнгөлөх зэргээр хийх учиртай. Өөрөөр хэлбэл, мөнгө өгөх, зээл олгох амархан. Харин тэр мөнгө үр шимээ өгөх нєхцєлийг бүрдүүлэх нь цаг хугацаа, хичээл зүтгэл нэхнэ. Ядаж л НӨАТ-ын босгыг 10 сая тєгрєгєєр тогтоож буй нь жижиг компаниуд татварт дарлуулж, том корпорациудын дайтай дарамт үүрч байна.7
Улмаар тэсч үлдэхийн тулд импортын бараанаас өндөр үнийг хэрэглэгчдээ санал болгохоос аргагүйд хүрч, монголчууддаа адлагдаж буй. Үндэсний үйлдвэрлэл өсч өндийхгүй байгаа энэ шалтгаанд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, татвараар, урамшууллын системээр хөшүүрэг хийгээд өгвөл хэчнээн их наядаар тэтгэснээс илүү дэмжлэг тэр байх болно. Тэгж чадвал бид "Монголд үйлдвэрлэв"-ээс өөрийг сонгомооргүй байна.7
Ж.Цогзолмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ