
Монголбанкны биет хөрөнгийн 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг оны эхний үлдэгдэл НББ-ийн програмд 2.415,4 сая төгрөгөөр зөрүүтэй тусгагдсан байна.
Энэ нь Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн програм тайлант оны санхүүгийн тайланг эцэслэн гаргасны дараа хийгдсэн залруулгын бичилтүүдийг хүлээн авч өөрчлөгдөж байгаагаас шалтгаалжээ.
Тайлант онд Монголбанк 2.4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг орлогод авсан боловч санхүүгийн тайлангийн тодруулгаар 4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн худалдан авалт хийснээр тайлагнасан нь үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дансаар дамжуулан хийсэн 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалтын орлого зарлагын гүйлгээг давхар оруулан тооцсонтой холбоотой байна.
Дээрх байдлаас үзэхэд Монголбанк нягтлан бодох бүртгэлийн журам, бодлогыг шинэчилж, програм хангамжийн уялдааг сайжруулах шаардлагатай байна. Монголбанкны 2010 оны санхүүгийн тайланд нийт өөрийн хөрөнгө (-145.5) тэрбум төгрөгөөр тайлагнагджээ.
Монголбанкны өөрийн хөрөнгө ийнхүү их хэмжээний сөрөг дүнтэй тайлагнагдсан нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 35.1-д “Монголбанк үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүргийн баталгаа болгох зорилгоор өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгө нь дүрмийн сан, ерөнхий нөөцийн сан, дахин үнэлгээний сан, бусад сан, цэвэр орлогоос бүрдэнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа аж.
Мөн Ерөнхий нөөцийн сан 2010 оны санхүүгийн тайлангаар үлдэгдэлгүй байгаа нь “Монголбанкны өөрийн хөрөнгийн сангуудыг байгуулах, зарцуулах, цэвэр орлогыг хуваарилах журам”-ын 6-д “Ерөнхий нөөцийн сан нь дүрмийн сангийн хэмжээнээс доошгүй байна. . .” гэж заасныг зөрчжээ.
Монголбанк улсын төсөвт жил бүр 5.0 тэрбум төгрөг оруулахаар 2008-2010 оны төсвийн тухай хуулиар батлагдсан бөгөөд 2007 онд 7.1 тэрбум, 2008 онд 29.4 тэрбум, 2009 онд 35.1 тэрбум төгрөгийн тус тус ашигтай, 2010 онд 254.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Гэвч Монголбанк ОУВС-д төлсөн 4.6 тэрбум төгрөгийг эс тооцвол 2008-2010 оны төсвийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 38 дугаар зүйлд “цэвэр орлогын 40-өөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд хуваарилсны дараа үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх”-ээр заасан нь Монголбанк улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
Иймд Монголбанкны ерөнхий нөөцийн санд хуваарилах дээд хязгаарыг тогтоох, үндсэн хөрөнгө бэлтгэх, зарцуулах, шилжүүлэх, үйл ажиллагааны орлого зарлагын төсвийг хэн хэрхэн батлах зэрэг асуудлыг Монголбанкны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар тодорхой болгон зохицуулах шаардлагатай байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ