
“Улсын өр” гэж тун чухал зүйлийг Бат, Дулмаа хоёрын өөр хоорондын өр шир шиг дарамт талаас нь бус эрүүл өнцгөөс харах ёстой гэж мэргэжилтнүүд сургадаг юм. Гэсэн ч өр ширийн хэмжээ 40 хувиас хэтрээд ирвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх талаас нь ярих болно гэдгийг олон улсын эдийн засагчид сануулдаг болохоор улсынхаа дотоод, гадаад өрийн хэмжээнд нүд чих тавьж суухаас яахав. Тиймээс Монгол улсын өрийн хэмжээг өсгөх эрх Хөгжлийн банкинд хуулийн дагуу бүрэн байгаа шүү гэдгийг дуулгах нь зөв болов уу. Анх удаа Засгийн газрын баталгаатайгаар, Монгол Улсыг дэлхийн зах зээлд төлөөлөх үнэт цаасыг Сингапурын бирж дээр гаргах гэж буй Хөгжлийн банкны үйл ажиллагаанд амжилт хүсэх нь зүйтэй ч, улсын өрийг нэмэгдүүлэн байж үйл ажиллагаа нь өргөжиж байгаа гэдгийг сануулах ёстой байх.
Энэ онд улсын нийт өр ДНБ-ий 25.3 хувьтай тэнцүү байхаар урьдчилсан тооцоолол гараад байсан бол өнөөдрийн байдлаар 35 хувьд хүрээд байгаа нь ING, Deutsche, НSBS гэсэн хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй Хөгжлийн банктай шууд холбоотой юм. Ерөөс Засгийн газар Хөгжлийн банкны 800 тэрбумын бондод баталгаа гаргаснаар өрийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үг.
Учир нь “Улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг хэлнэ гээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд заасан байгаа.
Мөн Монгол Улсын өрийн дээд хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гээд заачихсан. Одоогоор өрийн хэмжээ 35 хувьтай байгаа нь харьцангуй гайгүй төвшин, ер нь манайхтай ойролцоо эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад 40 хувь гэдэг боломжийн үзүүлэлт гэсэн байр суурийг Сангийн яамнаас илэрхийлж байна. Харин 2012, 2013 онуудад өрийн хэмжээ өсч 50-60 хувьд хүрлээ гэхэд, 40-өөс илүү гарч нэмэгдэж байгаа хэсэг нь зөвхөн Хөгжлийн банкинд гаргах Засгийн газрын баталгаа байх аж. Тиймээс л Монгол улсын өрийн хэмжээг өсгөх эрх Хөгжлийн банкинд бүрэн байна гэж хэлэх ёстой болоод байгаа юм.
Ер нь өрийн хэмжээг эрсдэлээс хэт сэргийлсэн байдлаар тооцох эсвэл харьцангуй гайгүй төвшинд тооцох гэсэн хоёр арга зам байдаг аж. Манай тухайд эрсдэлээс сэргийлж тооцож байгаа нь Засгийн газрын баталгаа гэдэг нөхцөлтэй өр буюу баталгааг өрд оруулна гээд зааснаас харагдана гэж Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Нэгдсэн төсвийн хэлтсийн дарга хэлж байсан. Тэгэхээр болгоомжтой хандаад баталгаа энэ тэрийгээ өрдөө оруулаад тооцчихсон учраас л хэмжээ нь өсөөд байгаа, тэрнээс биш өрийн хэмжээг тогтвортой төвшинд барих боломжтой юм болов уу гэсэн ойлголтыг эндээс авахаар.
Ямартай ч, Хөгжлийн банк евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр их бүтээн байгуулалтын ажил эрчтэй урагшилна гэсэн хүлээлт үүсээд байгааг тодотгох нь зөв биз ээ. Бондын хөтөлбөрийн үр дүнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “ Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр” –үүдийг санхүүжүүлэх эхний боломжууд нээгдэнэ, төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болно гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Харин тус банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа бонд гаргах нь олон давуу талтайг, шаардлагатай үедээ бондоо төгрөг болон ам.доллароор зах зээлд гаргах, улмаар хүлээлтэнд байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зам шулуудах талаар ярьж байна.
Нөгөө талаас дэлхий дахины эдийн засаг, хөрөнгийн захуудын уналттай холбоотой мэдээлэл тогтмол дуулдах болсон эмзэг үед бондоо гаргахаар шийдвэрлэсэн нь эрсдэлийг хэрхэн тооцож байгаа бол гэсэн асуултыг тавихад хүргэж байгаа. Харин бондын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй ING, Deutsche, НSBS зэрэг хөрөнгө оруулалтын банкуудын зүгээс Олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал тааламжтай бус байгаа ч Монгол улсын Хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн бондоо ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж чадсан хэмээн үгээ хэлж байна. Тэд зөвлөж байж ийм шийдвэр гарсан учраас тэдний зүгээс учиргүй болгоомжлол дайсан үгс унахгүй нь ч тодорхой юм. Гэхдээ эхэнд өгүүлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэгдэж буй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр ашиг хүртэхийн наана зузаараад байгаа улсын өрийн хэмжээндээ ч анхаарах ёстой болов уу.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ