Ливийн дэд сайдыг хөнөөжээ
Ливийн Аж үйлдвэрлэлийн дэд сайд Хассан аль Друйгийг Сиртэд мужид айлчлах үеэр амь насанд нь халдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Түүнийг хар захын ойролцоо явах үед зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Халдлага үйлдсэн гэмтнүүд хэргийн газраас зугтаасан байна. Хассан аль-Дроуй нь Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн экс гишүүн бөгөөд шилжилтийн Засгийн газрын анхны Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэж байсан аж.
Үүнтэй зэрэгцэн Ливийн өмнөд хэсэгт мөргөлдөөн болж 15 хүний амь эрсэдсэн талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ. 2011 онд удирдагч, хурандаа Муаммар Каддафийг түлхэн унагаж, амь насыг нь бүрэлгэснээс хойш Ливид өдийг хүртэл энхтайван байдал тогтоогүй, бараг өдөр бүр бослого мөргөлдөөн, аллага гарах болсон байна. Ливийн эрх баригчдын мэдээлснээр тус улсад 1700 орчим янз бүрийн зэвсэгт бүлэглэл бүртгэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ