Санамж бичиг үзэглэлээ
УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахаратай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг арга хэмжээнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж болон албаны бусад хүмүүс оролцжээ.
УИХ 2002 оноос НҮБ-ын Хүн амын сангийн Улс орны хөгжлийг дэмжих 3 дахь хөтөлбөрөөс эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. НҮБ-ын Хүн амын сан нь эмэгтэйчүүд хүссэн үедээ жирэмслэх, эрүүл хүүхэд төрүүлэх, залуу хүн бүр өөрийн бүхий л хүчин чадавхиа дайчлахуйц нөхцөл бүрэлдүүлэхийн төлөө зорин ажилладаг Нэгдсэн Үндэстний Байгууллага юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих хөтөлбөр нь хүн ам ба хөгжил, жендерийн тэгш байдал, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудын хөгжил гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн үндсэн асуудлууд нь УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан бол энэ жилээс Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо болон УИХ-дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэгтэй хамтран ажиллахаар болж байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр УИХ-аас 2005 онд баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод ядуурал, өлсгөлөнг бууруулах, бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших, жендерийн тэгш байдлыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах болон БЗХД/ХДХВ/ДОХ-той тэмцэх зэрэг асуудлууд багтсан гэдийг хэллээ.Түүнчлэн тус сангийн оролцоотойгоор УИХ-ын гишүүдийн хүн амын талаарх ойлголт сайжирч эхэлсэн гэдгийг онцлоод, цаашид УИХ болон Хүн амын сангийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгалаа. Монгол Улсын Их Хурлын даргын ажлын алба, НҮБ-ын Хүн амын сангийн хооронд Монгол Улсыг дэмжих 2012-2016 оны хөтөлбөртэй холбогдуулан уг сангийн жилийн ажлын төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай санамж бичиг юм. Тус сантай УИХ-ын гурван байнгын хороо болон эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг хамтран ажиллахаар болж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга ийнхүү санамж бичиг үзэглэсэн байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ