Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, мал аж ахуйн салбар байгалийн эрсдэлтэй салбар. Зөвхөн 2010 оны зуднаар Монгол Улсын нийт мал сүргийн 25 хувийг алдсан. Зуднаар алдсан гарз хохирлын үр дагавар3-4 жилийн турш үргэлжилж арай гэж шархаа нөхсөн. Мал бол малчдын хувийн өмч. Хувийн өмчтөн өөрийгөө эрсдлээс хамгаалах зах зээлийн жаягийн дагуу явж байгаа харин байнга бусдаас тусламж хайх асуудал цаашдаа явахгүй. Иймд малчдын малаа хамгаалах гол арга нь малын даатгал бөгөөд энэ нь зах зээлийн зарчимд нийцэж байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилд малын даатгалын систем зах зээлийн зарчмаар яваагүй. Сайн дурын үндсэн дээр малаа даатгуулсан малчдын тоо, хувь хэмжээ маш бага байдаг. Энэ тал дээр олон улсын байгууллага, Монгол Улсын төр засгийн зүгээс судалгаа хийж индексжүүлсэн малын даатгал илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа Эдийн засгийн байнгын хороогоор давхар оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.
Тус Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, машинаа даатгуулаагүй хүн монголд бараг байхгүй байх. Хөдөө аж ахуйн салбарын хувьд малчид малаа даатгуулах асуудал амин чухал асуудал болсон. Энэ утгаар малын индексжүүлсэн даатгалд ач холбогдол өгч байгаа гишүүдийн саналтай нэг байна. Монголчууд зах зээлд ороод даатгалын ашиг шимийг бүгдээрээ хүртээд явж байгаа. Харин малчид даатгалын үр дүнгээ хүртэх асуудалд цаг хугацаа алдсан зүйл бий. Иймд энэ асуудлыг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай гэлээ. Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг /Монголын мал үндэсний хөтөлбөр/-ийн хэрэгжилтийн талаарх тайланг сонслоо. Танилцуулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хийв. Мөн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Мөн төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Зоригт ахалж ажиллах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс салбарын бодлогыг дэмжиж сайжруулж явах ёстой. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хөнгөн хүнсний үйлдвэрийн салбартай нягт холбоотой бие биенээ нөхсөн салбар. Иймээс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, нэмэгдсэн өртөгт шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал эдгээр салбарын хамгийн гол бодлогын төвд байх ёстой. Өнөөдөр асар их хэмжээний малын гаралтай түүхий эдийг боловсруулж чадаагүйгээс болоод их хэмжээний ажлын байр бий болгох, амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжийг алдаж байгаа. Тиймээс боловсруулалтын түвшинг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Малчин өрхийн тоо жилээс жилд буурч байгаа. Малчин өрхийн малын тооноос хамаарсан ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдлын хуваарилалт гүнзгийрч байгаа. Жишээ нь судалгаагаар 200 хүртэлх малтай малчин өрх монголын нийт малчин өрхийн 60 гаруй хувийг эзэлж байна. Малын тоо толгой цөөн малчинд төвлөрөх хандлага явагдаж байгаа. Цөөн малтай ядуу өрхүүдийн тоо буурахгүй байгаа. Үүнд анхаарах хэрэгтэй. Малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгох бодлого зөв зүйтэй асуудал. Энд хамгийн гол асуудал бол газрын харилцааны тухай асуудал байгаа. Өнөөдөр Монголын Улсын бусад иргэд ямар нэг хэмжээгээр газраа өмчилж эзэмшсэн. Тиймээс Улсын Их Хурлаар Газрын тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулж энэ асуудлыг илүү тодорхой болгож өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ