Миний Монгол Экспедиц - Хэрээ нуур
Увс аймаг, Сагил сум.


Нэгэнт цаг орой болсон байсан тул айл бараадаж хоноглохоор шийдэн Үүрэг нуурын эргээр зусаж буй Батсуурийнд хүрч очсон юм.
Үүнээс урьд бид Үүрэг нууртай газрын судлаар холбоотой нэгэн нуур Цагаан шувуут хайрханы өндөрлөг дэвсэгт байдаг тухай сонсож байсан бөгөөд энэ тухай Батсуурь ахаас асуухад өглөө бидэнд замчилж тус болхоо хэллээ.
Бидний зорин очих гэж байгаа энэхүү Хэрээ нууранд одоогоос 4 жилийн өмнө УАЗ 469 машин хүрч очиж байсан бөгөөд уулын зам үерийн усанд идэгдэж эвдрэл гэмтэл гайгүй бол бид тэрхүү Хэрээ нууранд хүрч очих аз тохиох тухай хэлж байлаа.
Өглөө эрт Үүрэг нуурын хөвөөнөө тусах мандаж буй нарны зураг авсны дараа төд удалгүй бид Хэрээ нуурыг зорин замд гарлаа.
Үүрэг нуурын хохно талд Харигийн гол урсах бөгөөд голын урсгал нь тогтуухан урсах нь тэрхүү байгалын үзэмжит газар хэсэгхэн ч болов саатмаар санагдаж байлаа. Гэвч бидний зорьж буй Хэрээ нуур нь Цагаан шувуут уулын нилээн өндөр дэвсэг дээр байгаа гэсэн тул аль болох газар дөхөхийг хичээн цааш явлаа.
Бидний зорчин буй замын баруун зүгт нэгэн мөнх цаст сүр бараатай уул харагдаж эхлэх үед нэрийг асуувал мөнөөх алдартай Мөнгөн тайга уул ажээ.
Энэхүү Мөнгөн тайга хэмээх уул оршин буй нутагт эртнээсээ Увс аймгийн Сагил сумын иргэд нутган сэлгэн нүүдэллэж байсан гэдэг. Энэ тухай бид хожим нь нутгийн өндөр настнаас олж дуулсан тул энэ удаад Мөнгөн тайгын тухай дурдахаа түр хойшлуулъя.
Бид цааш явсаар уулын амаар урсан буусан үерийн усны гуу, жалганд тулж ирлээ.
Энэ жилийн хувьд 6 сар гэхэд хур тунадас төдийлөн их ороогүй, бас агаарын температур тэгэж их халахгүй байсан нь бидний хувьд Хэрээ нууранд хүрч очих боломжийг бүрдүүлж байсан юм. Гэвч урьд жилүүдэд унасан их хэмжээний хур тунадас тэр нь мөнх цаст уулын хайлсан цастай холилдон ширүүн урсгалыг үүсгэн урссанаас хамааран уулын гуу жалгыг дагаад том хэмжээний бул чулуунуудыг урсган доош одсон байх юм. Энэ нь бидний зорчин яваа сайран дээр бөөгнөрөн зарим газраар явхад бэрхшээлтэй байлаа.
Зарим судаг жалга усанд элэгдэж огцом эрэгтэй болсон байсан тул бид чулуу шороо дүүргэж багагүй газар шорооны ажил хийсээр Цагаан шувуут хайрханы Улаан ам гэдэг амны эхэнд хүрч цааш өгслөө. Хэрээ нууранд энэ амаар л өгсөж очих боломжтой. Энэ замаар 4 жилийн өмнө л УАЗ 469 машин гарч байсан тул зам гэж мэдэгдэх мөр байсангүй бүдгэрч алга болжээ.
Энэхүү амаар өгсөж байх үед зам гэхээр ул мөр бараг байхгүй, байгаа нэг нь хөрсний эдгэрэлээс болоод харагдах төдий байлаа. Мөн үүнээс гадна хад чулуу ихтэй байсан нь машины дугуйг урах, бүр цаашлаад цоо буудуулах хэмжээний хурц үзүүртэй байсан нь эгц өгсүүр гадаргуугаар зорчин явхад ихээхэн хүндрэл учируулж байлаа. Иймд зарим газар нь Экспедицийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс багийн гишүүдээ буулгах шаардлагатай байсан юм.
Эгц өгсүүр замаар ихэд удаан явсан бид газрын хэвгийг ажиглаж байгаад аль л болох тэгш гэж санагдсан газраа түр амсхийхээр далайн төвшнөөс дээш 2222 метрийн өндөрт зогсоод байгаа нь энэ билээ.
30-45 хэмийн өгсүүр хадтай уулын замаар хярлан өгссөөр цаана нь юу байгаа нь харагдахгүй уулын оройгоос орой дамжин явсаар жижиг дов сондуултай тэгшхэн дэвсэг дээр гарч ирхэд Хэрээ нуурын бараа харагдаж эхэллээ.
Хэдийгээр 6 сар гарсанч өндөр уулын нуурын ус шөнөдөө зайрмагтан хонодог ажээ. Алсаас жижиг нуур мэт харагдсан боловч бид нилээд зайтай зогссон байжээ, бараг 2 км шахуу алхаж нуурын эрэг дээр очиход яг дугариг хэлбэртэй цэнгэг устай том нуур байлаа.
Эргэн тойрон мөнх цаст хайрхануудын оргил харагдаж тэртээ доор Үүрэг нуур тольдох нь бид ямар өндөр гарсныг илтгэнэ.
Баруун талд 300 гаруй км-ийн алсад байгаа Алтан Таван Богдын 5-н оргил, зүүн өмнө Дэглий цагаан уулын оргил, цааш Хархираа түргэний мөнх цаст оргилууд тод үзэгдэнэ.
Хилийн цаана Тувагийн нутагт байгаа Мөнгөн тайга дэргэд юм шиг харагдана.
Алсаас бие биенээ харан дүнхийх Алтайн нурууны 13 мөнх цаст арслан цагаан уулын нэг Цагаан шувуут хайрханы дэвсэгт гарч ирсэн нь энэ билээ. Цагаан шувуут хайрханд аргаль, янгир, ирвэс, бодон гахай элбэг байдаг нь хулгайн анчид ирэх бас нэг нөхцөл болдог байна. Хэрээ нуурын арын Саальт хүрэн уул, Пуршвайн хавцалын хад асга дунд ирвэр биеэ далдлан хэвтчихсан биднийг алсаас ажиглаж байгаа нь тодорхой гэж биднийг замчлан яваа Батсуурь ах ярьж байлаа.
Энд тэндгүй гахай газар хадран онгичсон ул мөр байна. Хэрээ нуур нь ууланд байгаа ан амьтдын ундаалах ус нь болдог тул нуурын эргэн тойрон чоно, гахай зэрэг амьтдын ялгадас элбэг үзэгдэнэ.
Уулын хяраар их хэрж өгсөж ирдэг учраас Хэрээ нуур гэж нэрлэхээс ч аргагүй санагдлаа.
Далайн түвшнээс дээш 2600 гаруй метрийн өндөрт гарсан бид нар зураг авалтаа амжилттай гүйцэтгээд буцах замдаа орлоо. Бид Хэрээ нуурыг зорин ирхээс өмнө хоноглосон айлын гадаа хэр өндөрт байгаагаа хэмжиж үзхэд 1434 метр байсан бөгөөд Хэрээ нуур оршин буй тэрхүү уулын дэвсэг хүртэл 1200 гаран метр өндөрт шилжсэн байсан юм. Эгц өгсүүр уулын өөдөө машинаа 4L буюу 4 дугуйн зүтгэх зарчимд моторын хамгийн хүнд эргэлттэйгээр залган 40 орчим км замыг туулсан байсан тул шатахуун зарцуулалт жирийн үеэс 3 дахин их байсныг Хэрээ нуурын үзүүрт ирсний дараа мэдсэн юм. Бид Экспедицийн үйл ажиллагаандаа зориулж Ford Ranger загварын автомашин хэрэглэдэг бөгөөд уг машин нь түлшний саван дахь шатахууны хэмжээг тооцож үзээд байгаа шатахуунаар хэр хол зайг туулах боломжтойг мэдээлдэг онцлогтой. Бид Хэрээ нуураас буцаж уруудхаас өмнө машины хөдөлгүүрээ асаахад түлшний саванд үлдсэн шатахуунаар ердөө 17 км замыг туулна гэсэн үзүүлэлт гарсан нь бид уулын өөдөө өгсөж байх үед бүх шатахуун нь түлшний савны ёроолд тунасан байгаад, тэгш газар гарч ирсний дараа бодит заалт гарч байгаа нь энэ байлаа. Харин бид энэхүү түлшээр 40 км замыг туулах ёстой...
Бид уулын орой дээр байгаа давуу талаа ашиглахаар шийдсэн юм. Замын нөхцөл байдлыг тооцоолж үзээд бартаа саад багатай хэсгүүдэд машины мотороо унтраагаад араагаа залгаатай байдлаар уруудуулж явлаа. Энэ нь эгц налуу замаар уруудаж яваа бидний хувьд машины тэнцвэр алдагдах, хальтарч гулсах, жолоодлого алдах зэрэг өндөр эрсдэлтэй байсан юм.
Аз, эзээ үзэн ямартай ч энэхүү уулын дэвсэг дээрээс буухыг зорьсон бид, тэртусмаа төмөр хүлгийн жолоог атгаж явсан миний хувьд хамгийн хариуцлагатай бөгөөд хамгийн тайван, хүлээцтэй байсан мөч гэвэл үүнийг нэрлэж байна. Ийнхүү бэдрэн, зүдрэн явсаар уулаас бууж ирсний дараа эх өөрийн эрхгүй газар дэлхийдээ сөгдөн байж залбирсанаа нуух юун...
.
Холбогдох зургууд:
.
Эх сурвалж: http://www.mymongol.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ