Ирэх онуудад хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа
Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд салбар яамныхаа 2014 он болон үүнээс цааших бодлогын талаар танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дотоодын нөөцөд тулгуурлан Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, үйлдвэрийн үнэ цэнийн сүлжээг нэмэгдүүлэх талаар тусгагдсан. Мөн ДНБ-ийн үйлдвэрлэлээр хүн амын хүнсний хэрэглээг хангах, олон улсын шаардлага хангасан үндсэн түүхий эдэд суурилсан бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүний нөөц өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого баримтлаж буй бөгөөд энэ дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ажиллаж буй аж.
Түүнчлэн төрөөс ҮХАА-н талаар баримтлах бодлогын зорилтыг үйлдвэрлэлийн чадавхи бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх эдийн засаг, эрхзүйн орчныг сайжруулах, дотоодын хүн амын хүнсний болон ахуйн хэрэгцээний чанар хүртээмжийг 2024 он хүртэл сайжруулах талаар тусгажээ. Энэ хүрээнд ногоон эдийн засгийн чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, салбар бүрийн онцлогоос хамаарсан дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх, орон нутагт тухайн орон нутгийн онцлогт суурилсан аж үйлдвэрийн цогцолборууд байгуулагдах зэрэг шаардлага тулгарчээ. Мөн олон улсын жишигт нийцсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, баталгаатай аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн хангах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан ҮХАА-н талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ