Гишүүд “давхар дээл”-ээ тайлахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлд Засгийн газрыг бүрдүүлэгч сайд нараас зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байхаар заажээ. Харин Ерөнхий сайдаас бусад бүх сайд нь парламентаас гадна сонгогдох юм.
Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргав. “УИХ-ын сонгуульд аль ч нам эвсэл олонхи болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно”, “УИХ-ын сонгуулийн дүнд олонхи бүрдсэн нөхцөлд 50 хувиас илүүгүй хувь нь Засгийн газрын гишүүн байж болно” гэсэн саналыг тус тус гарсан байв.
УИХ-ын гишүүн Г.Бурмаа энэ саналыг тус бүрээр нь хураавал ямар вэ гэсэн бол УИХ-ын дэд дарга М.Энхболд “санал тус бүрээр нууцаар явуулъя” гэдэг байр сууриа хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар нууцаар санал хураалт явуулах саналыг хүлээн авах болохгүй юм байна. Харин уг хоёр санал дээр тус бүрээр нь санал хураалт явуулахаар болов. Санал хураалт болох үед МАН-ын гишүүдийн зүгээс “сайд нар санал хураалтад оролцохгүй. Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн байсан боловч дэмжигдсэнгүй. Учир нь байнгын хорооны гишүүнд хамаарч байлаа.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд ерөнхий чиг үүргийн яамдын сайд нь УИХ-аас сонгогдож болно гэх саналыг дэмжлээ. Үндсэн чиг үүргийн яаманд БХЯ, ГХЯ, ХЗЯ, БОНХЯ Сангийн яам тус тус хамаарч байгаа юм байна. Мөн хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдье гэх заалт гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй. Харин гишүүн Р.Гончигдорж уг хуулийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүхэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжиж, уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай илтгэлийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцуулав.
УИХ 2011 оны сүүлчээр Төсвийн тухай шинэ хууль батлан гаргаснаар орон нутгийн төсвийн шинэтгэлийн эхлэлийг тавьсны зэрэгцээ уг хуульд иргэдийн оролцооны талаар бие даасан зүйл оруулсан нь бодлого, сэтгэлгээний хувьд цоо шинэ алхам болсон төдийгүй төсвийн менежментэд иргэдийн оролцоог баталгаажуулсан бодлогын чухал арга хэмжээ болсныг төслийн танилцуулгад дурдсан байна. Бодлогын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн төслийг хэд хэдэн хувилбараар гаргаж Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар гурван удаа хэлэлцүүлж эцсийн хувилбарыг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж зохих саналыг авсны үндсэн дээр УИХ-д өргөн барьж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулав. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ