Behre Dolbear Монголд орж ирлээ

img

1911 оноос эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн, дэлхийн хамгийн нэр хүнд бүхий компаниудын нэг БЭР ДОЛБЭР (Behre Dolbear) манай уул уурхайн салбарын анхдагч төлөөлөгчдийн нэг Майн Инфо ХХК-тай тус салбарт санхүү,  техник болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэл бүхий хамтарсан компани байгуулах албан ёсны ёслолын ажиллагаа энэ сарын 14-ний өдөр Кемпински зочид буудалд болно.

Олон улсын тавцанд “Бизнесийн зөвлөгч” гэж өргөмжлөгдөн “Уул уурхайн бизнесийг Бид мэднэ” хэмээх мотто бүхий Бэр Долбэр групп нь манай уул уурхайн салбарыг багагүй хугацааны турш судалсан бөгөөд  тус группын Ерөнхийлөгч Бернард Гуарнера өнгөрсөн оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо чуулсан “Дисковер Монголия 2010” хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр “Хаана хөрөнгө оруулбал зохистой вэ” гэсэн илтгэл тавьж Монголын уул уурхайн салбарт тууштай үйл ажиллагаа явуулах болсон тухайгаа зарласан бөлгөө.

Бэр Долбэр групп дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудтай нягт түншлэхийн зэрэгцээ төсөл боловсруулах, санхүүгийн удирдлага, хөрөнгийн зах зээлд нэвтрэх болон өмч хувьчлалын чиглэлээр дэлхийн уул уурхайн томоохон төв газар байрлал бүхий өөрийн арав гаруй салбаруудаар дамжуулан хийсэн судалгаа, шинжилгээг үндэслэн олон улсын стандартын дагуу иж бүрэн тайлан боловсруулдаг юм.

Тус группийн явуулдаг үйл ажиллагааны үндсэн чиглэлд төслийн үзэл баримтлал, цар хүрээг тодорхойлох, урьдчилсан болон эцсийн байдлаар ТЭЗҮ боловсруулах, нөөцийн үнэлгээ, уурхайн төлөвлөлт хийх, зохистой тоног төхөөрөмж сонгох, байгаль орчны болон тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулах, үнэлгээ хийх зэрэг орно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 95204223 тоот утсаар лавлана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ