Туркийн Ататюркийн нэрэмжит онгоцны буудалд манай улсын иргэн Т.Батгэрэл гурван сар амьдарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард гэртээ харих тасалбар авсан ч онгоцноосоо хоцорсноор нисэх буудал дахь амьдрал нь эхэлсэн. Тэрээр дахин онгоцны тасалбар авах мөнгөгүй, гар утсаа гээсэн тул хэнтэй ч холбоо барьж чадахгүйд хүрсэн. Тиймээс зорчигчдын хөргийг зурж өгч, хоолны мөнгөө олж байгаа талаар Туркийн зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Харин энэ талаар Монголын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллэхдээ, Т.Батгэрэлийн тухай мэдээний мөрөөр Ататюркийн нисэх буудалд Турк дэх Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд очиход тэрээр байгаагүй. Учир нь энэ сарын 10-ны үдээс хойш Истанбул хотын Цагдаагийн газрын гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн газрын харъяа албадан буцаах төвд саатуулагдсан байсан. Тиймээс консулын ажилтнаа явуулж түүнтэй уулзуулсан гэлээ.
Мөн Т.Батгэрэл нь Туркийн телевизээр ярьсан яриагаа үгүйсгэсэн байна. Тэрбээр Грек руу хамт явах хүмүүстэйгээ Истанбулд уулзах ёстой байсан боловч уулзаж чадаагүй гэнэ. Монголд эхнэр хүүхэдгүй тул нутаг буцах сонирхолгүй, олон жил гадаадад амьдарсан, одоо Бангкок юм уу Унгар руу явахыг хүсч байгаагаа ЭСЯ-ны ажилтнуудад илэрхийлсэн байна.
Харин Турк дэх манай иргэд ЭСЯ руу утасдан уг иргэнийг нутаг руу нь буцаах тасалбар авч өгч туслах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Одоо түүнийг нутаг буцаах талаар Турк дэх Монгол улсын элчин сайдын яамныхан ажиллаж байгаа аж. Мөн түүнийг олон сараар онгоцны буудалд байрлаж байгаа гэсэн нь ташаа мэдээлэл гэдгийг ГХЯ-ны консулын газраас мэдээллээ.
5
Д.Цэцэг