Ил тод төсөв энгийн юм байна
Бурхантын хөндий буурал манантай, зөөлөн уур амьсгалтай утлаа. Бие даагчдын зөвлөл Дархан хотод ажиллахад нь дайгдан очиж бодол бөөгнүүлснээ буулгаж байгаа нь энэ. Дархан хотод хамгийн түрүүнд цагаахан атаархал төрсөн нь хорт утаагүй, замын бөглөрөлгүй байгаа тайван амьдарлын зураглал. Ханиах утаагүй, бухимдах бөглөрөөгүй болоод ч тэр юм уу хүмүүсийн царайд нь ярвайж үрчийсэн, ядарч цөхөрсөн шаналал илрэх нь бага бас ч нээлттэй яриа хөөрөөтэй, тогтуун дөлгөөн амьдралтай байх шиг санагдлаа.
6
Өнгөрсөн оны статистикаас түүвэрлэбэл Дархан хот 93554 хүн амтай, 953 авто машинтай, ЕБС-ын 26 сургуультай. Их дээд сургууль коллежид суралцдаг 8860 оюутантай, 2018 ажилгүйчүүдтэй, 302 мотоцикл, 293 трактортой, 29012 тэжээвэр шувуу, 317 туулай, 369 бүл зөгий, 279053 толгой малтай юм байна.
6
Дарханчууд УИХ-д хоёр төлөөлөлтэй. Нэг нь хуучин засаг даргаас төрийн сан хөмрөг барьж явсан Д.Хаянхярваа бол нөгөө нь хур хөрөнгөгүй ч сэтгэл зүтгэлтэй гэгддэг иргэний хөдөлгөөний С.Ганбаатар. Намд дөрлүүлж хэлэх үг, хөдлөх гараа тушуулсан гадны хамаарал ихтэй төлөөллөөс татгалзаж тэс хөндлөн сонголт хийж төрд бие даагч нэг гишүүнийг гаргаж бусаддаа үлгэр жишээ үзүүлсэн хотынхон. Нэг юм, ганцхан юм гэж гараа мухарлуулж олонхид дарагдаж ирсэн бие даагчдыг гурвуулаа болж, бүлгийн дайтай ажиллахад нэг талыг нь битүүлж өгсөн мэргэн сонголтыг дарханчууд хийсэн. УИХ-гишүүн гэдэг эрхэм дээд сэнтийд зөвхөн нам дагаж мөнгө босгож, амлалт сүлжсэн олигархууд биш төр түших тулхтай, мэдлэгтэй, сэтгэл зүтгэлтэй хүмүүс гишүүн болдог бүдэг жимийг тодруулахад Дарханчуудын оруулсан хувь нэмэр гавьяа их.
6
Өнгөрөгч онд Дархан уул аймагт төсвийн урсгал санхүүжилтээр 39954.9 сая, үндсэн туслах үйл ажиллагааны болон бусад орлогоос 1129.5 сая нийтдээ 41084.4 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн дүн мэдээ гарсан байна. Харин 2014 онд Дархан-Уул аймаг нь энэ онд улсаас авч буй төсвийн хэмжээгээрээ нийт аймгуудаас хоёрдугаарт жагсч байгаа юм байна. Тодруулбал, Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 51.920.98 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн Нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 9.149.6 сая төгрөг, Хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 78.605.1 сая төгрөг байна.
6
Энэ жилийн төсөл бол өндөр байх гэхээсээ хэрэгжихэд бодитой байх гэдгээрээ урьд оны хөөсөрсөн төсвүүдээс ялгаатай. Улсын төсвийг 2000 онтой харьцуулахад 20 дахин өсчихсөн, хөрөнгө оруулалт нь 40 дахин өсчихсөн байгаа. Гэтэл энэ их өсөлт улс орон иргэдийн амьдралд бодит өсөлт болж буухгүй байгаа гэж бие даагч, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дарханчуудтай уулзахдаа тэмдэглэн хэллээ.
6
Дарханчуудын хувьд энэ жил том хөрөнгө оруулалт тавигдсан байна. С.Ганбаатар гишүүний улайран ярьж байгаагаар бол энэ хөрөнгө оруулалтаар нэн түрүүнд хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд их санаа тавьж ажиллах гэнэ. Ярианы өнгийг харвал 2013 онд эрүүл мэндийн салбартаа оруулсан 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтыг 100 хувь авч бас 100 хувь үр дүнтэй болгож чадсандаа сэтгэл хангалуун байгаа бололтой. Дархан хотын нэгдсэн эмнэлэгт өвчтөнд дуслыг шаардлагатай өгөгдлөөр өөрөө тооцон хийдэг төхөөрөмж залгуулсан өвчтөн хэвтэж байхыг харлаа. Шинжилгээнүүд ч бас автоматаар хийгдэж хариу нь тэр дороо гардаг орчин үеийн технологи бүхий анализатор гэх, бидний шүтээд байгаа ухаалаг ТҮЦ машин шиг ухаалаг шинжилгээ авагч, оношлогч аппаратаар хангагджээ. Энэ тоног төхөөрөмжийг үзэсгэлэнд тавьсангүй, хаа нэгтээ захиалагдсан, ирж байгаа гэж зургийг нь үзүүлсэнгүй. Жирийн иргэн өвчтөнд залгачихсан эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж, хүнд хэрэгтэй гэдгээ харуулаад байж байгаа нь хамгийн сайхан санагдлаа. Хөрөнгө оруулалтын хаялга ингэж эцсийн дүндээ иргэн хүнд ашиг тусаа өгч, шахаа, авилгаар биш хамтын санаа зорилго, нэг зүтгэлээр биеллээ олж бидний хэлдгээр юм болж үлдэх ёстой.
6
Илүү дутуу том уриа, тайлбар зүүлт ч энд хэрэггүй байна. Төрийн баталсан мөнгө нь зориулалтын дагуу цаг хугацаандаа юм болж түүнийг нь иргэд эдэлж хэрэглэж, үйлчилгээ хүртээмжийг нь авч байгаа энэ л энгийн бодит зүйл өөрөө төсвийн ил тод байдал юм шиг санагдлаа. Дарханчуудын хувьд энэ нь сонголтоо мэргэн хийж, зөв хүнээ төрд илгээсний хариу хаялга гэж харагдаж байна.
6
Нэмж хэлэхэд, төсвийг ил тод байлгах талаар их яригдаж байгаа үед бие даагчдын зүгээс төсвийн байнгын хороог ахалж авч явж байгаа нь магтмаар дэвшил мөн шиг санагдлаа. Бас үүнийг төсвийн ил тод байлгах, ард түмний хяналтын дор байлгах нэг том хариуцлага гэж ойлгож болно. 2013 оны төсвийн будилааны талаар шүүмжлэл хүчтэй өрнөсөн нь 2014 он намд үйлчлэх өнцгөөс биш төрийн хүсэл зориг, улс орон, нийтийн эрх ашгаар батлагддаг, хэмнэлттэй төсөвтэй, хаялгатай хөрөнгө оруулалт хийгддэг жишиг тогтоох гарааны жил болно гэсэн хүлээлт олон нийтэд байна. Өнгөрсөн оны төсвөөс тасарсан хөрөнгө оруулалт, царцсан будлиантсан юм их дуулдсан. Энэ жил яахыг ард түмэн харж байна.
6
Буянт Бурхантын хөндийн Дархан хотод төсвийн хөрөнгө оруулалт байндаа бууж иргэдэд хүрч байгааг нүдээр харлаа. Ил тод төсөв, түүний хаялга гэж их энгийн юм байна гэж бодогдлоо. Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ стандарт сайжраад байхыг, олон дамжлага тендер лоббигүй, намчирхал талцалгүй орон нутгийн удирдлага, салбарын мэргэжилтнүүд төрийн түшээтэйгээ нэг зорилгод гар атгалцан зүтгэхийг хэлдэг юм байна.
6
Энэ онд Дархан сум, Шарын гол, Хабитат хороонд мөн Дархан сумын 8 дугаар багт 4 цэцэрлэг ямар ч байсан барина гэж ярьж байна лээ. Эрчим хүчний хэлхээгээ ч шинэчилнэ гэнэ. 2014 онд Дарханчууд 78.605.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаараа юу хийснийг нь ил тод харах хүлээлттэй үлдлээ.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ