Т.Галсан: Эх хэлний түшмэлтэй болж байж эх хэлээ аварна
Улс орны оршин тогтнохын нэг үндэс нь хэл соёл. Хэл соёлын өв нь үеэс үед бичгийн болон ярианы хэлбэрээр уламжлагдан ирдэг билээ. Үндсэн хуульдаа “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж заасан байдаг ч өдрөөс өдөрт даяаршиж байгаа өнөө цагт монголчуудын хэл бичгийн соёл алдагдаж, харь үгийн хэрэглээ ч нэмэгдэх болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан билээ. Хууль санаачлагчид хуулийн төсөлд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг авч тусгах зорилгоор өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Оролцогчид хуулийн төслийн танилцуулгын дараа санал бодлоо илэрхийлэх үеэр Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай “Монгол хэлийг аварч үлдэх эхлэлийг хэвлэл мэдээллээс эхлэх нь зүйтэй. Хэвлэлийнхэн бол монгол хэлийг бузарлагчид" гэсэн хатуу үгийг хэлээд авсан. Эрдэмтэд болон эгэл жирийн иргэд эх хэлээ аврахаар санал бодлоо хуваалцах үеэр Ардын уран зохиолч Т.Галсантай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
1
-Монгол хэлний тухай хуулийн төслийг Иргэний танхимд хэлэлцүүллээ. Та уг хуулийн төслийг үзэж, танилцав уу? -Дайсан довтолсон үед төр засаг, түмэн олон зэрэг сэртхийдэг. Түүнтэй яг адил тусгаар тогтнолын алтан ганжир болсон эх хэл маань хэврэгшиж байгаа ийм үед УИХ-ын гишүүд, тэр дундаа залуу гишүүн М.Батчимэг ийм сайхан хууль санаачилжээ. Энэ хууль гадаад хуулийн хуулга биш эх хэлнээс гарсан хууль. Түүнийг хамгаалахын төлөө хууль байна. Тэгээд энэ хуулиа эрдэмтэн мэргэд, эгэл жирийн ард түмэн биднээр хэлэлцүүлж байгаа нь түрүүчийн “цаасан” дээр гараад хэрэгжүүлээгүй хуулийг бодоход улс төрийн ач холбогдолтой, монголын хувь заяанд чухал үүрэгтэй сайхан хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хуулийн эхний хувилбарыг харахад аятайхан болсон байна.
1
Нөгөөтэйгүүр хууль нь байгаа боловч цааз нь алга. Монголчууд хууль цааз гэсэн холбоо үгээр ярьдаг нь учиртай. Хууль бол ерөнхий тунхагийг гаргаж өгдөг. Цааз нь хэрэгжүүлэх арга замыг заадаг. Энэ талаар бодууштай юм нэлээн байна. Эх хэлээ хамгаалах энэ тэмцэлд иргэн бүхэн санаа бодлоо хэлж, бичиж, хэвлэл мэдээллээр ярьж, хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл энэ асуудал бол хэл бичгийн салбарын хэдэн хүний хувь заяа биш. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол залуучуудын үр хүүхэд монгол хэлээ мартаж, харийн хүн шиг болж байгаад их эмзэглэж “Манай удам надаар дууслаа” гээд цусаар уйлах шахсан өвгөд, хөгшид олон болж байна. Тэгэхээр энэ дэлхийшил гэдэг дэвжээшлийг үгүй хийдэг, даяаршил дангааршлыг сөнөөдөг юм байна. Тиймээс их олон хүний санаа бодол хэрэгтэй. Нэр томъёоноосоо эхлээд “Монгол хэлний хууль”-нд гадаад үг ганц ч байхгүй байх ёстой л доо. Мөн цаазын талд миний бодсон юм байна.
1
Тухайлбал, Цааз гэдэг хуулийг хэрэгжүүлэгч яам тамгын газар, агентлаг нэртэй ард түмнээс нуусан яам, сонин хэвлэл радио телевиз бүгдээрээ эх хэлний түшмэлтэй болох ёстой. Энэ бол Монголын төр хүчирхэг байх үеийн уламжлал юм шүү. Түшмэлтэй болсноор төр засгаас гарсан бүх албан бичиг ямар ч утгын мадаг байхгүй, ямар ч харь үггүй, бүх хүнд ойлгомжтой, шууд хэрэглэх боломжтой тогтоол шийдвэр гардаг байсан. Тэгээд эх хэлний түшмэл нь бага цалинтай, их урамшуулалтай байх учиртай. Яагаад гэвэл тэр хүн амь зуулгаа зузаалъя гэвэл эх хэл хамгаалах тэмцэлд өдөр тутам нэгийг бодож, хоёрыг хийдэг. Тийм сонин, хэвлэлд ийм алдаа гарчээ гэж хянадаг байх юм. Жишээ нь, лавлахаас унаа асуухад “Байхгүй байна аа” гэж хариулдаг. Байна аа гэдгийг нь бодохоор байгаа юм шиг. Байхгүй гэхээрээ тэрнийгээ үгүйсгээд. УИХ-ын ирцийг бүртгэх, санал тоолоход ч гардаг л үг шүү дээ. Тэгэхээр энэ мэтийг илчлээд нийгэмд тэр нь залруулга болох учиртай.
1
Ерөнхийлөгч маань “Ухаалаг төр лүү” гэж байна. Энэ нь зэргэд юм уу, уруугаа гэсэн утгатай үг. Хэрвээ “Увайгүй төрөөс Ухаалаг төр өөд” гэх юм бол хуучнаасаа өөр өөд нь татах гэсэн утга болно. Би Ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж байгаа юм биш. Үг хэлний гажуудлыг засч хэлэх нь ихэс дээдсийн хууль олон түмэнд их долгиотой очдог. Ингээд энэ бүхнийг эх хэлний түшмэл маань өдөр тутам эх хэлний торгон харуул болох юм. Улсын хилийн харуултай адил байж цалинждаг байх жишээтэй. Зурагтаар яриулахдаа эрлийз хэлээр ярьж болохгүй шүү. Нэгд та намайг хөөднө. Хоёрт та өөрөө үнэ цэнээ алдана шүү гэж сануулдаг байх хэрэгтэй.
1
Жишээ нь, “Суман гүн” гэдэг Цагаан сарын сайхан идээ бэлддэг газрын зөвлөх, ажил мэргэжилдээ сайн нэг ижий өчигдөр зурагтаар ярихдаа “Аймаар хямдхан” гэх юм. Хямдарсаны төлөө хүн айхгүй л дээ. Тэгэхээр энэ чинь хүний зүрх сэтгэлд худалдан авах сэдэл төрүүлэхээсээ илүү хулжаан үргээх аястай болно. Гэтэл “Манай боов аягүй гоё” гэх юм. Аягүй гэдэг чинь нүдээрээ харшгүй, хэлээрээ амтлашгүй, гараараа барьшгүй, хамраараа үнэрлэшгүй, Цагаан сарынхаа тавганд тавьшгүй гэсэн утга шүү дээ. Энэ бүхнийг төрийн хэвлэлүүд залруулан гаргаж, шүүмжлэхийн тулд биш эх хэлээ хамгаалахын тулд бодит жишээ болгож, үүнээс хойш “аймаар гоё, аягүй гоё” гэж ярихгүй шүү гэж мэдээлэл өгөөд үг яриандаа ашигласан УИХ-ын гишүүнээс тэдэн сая, Засаг дарга нарыг тэдэн бумаар торгох, хэвлэл мэдээллийн ажилтан бол гурван удаа сануулаад болохгүй бол өөрөө ажлаа өгдөг болох. Цааз гэдэг нь энэ юм. Хэл ариун байх ёстой, үгсийн санг баяжуулж байх ёстой гэдэг нь хууль нь юм.
1
Цааш нь хэлэхэд их, дээд сургуульд эх хэлний сургалт, хэл шинжлэлийн онолоо үздэг. Бага, дунд сургуульд хэл шинжлэлийн онолыг огт үзэхгүй. Зөвхөн хэрэглээний хэл үздэг байх. Ингэснээр энэ хоёр сургалтын хооронд их ялгаа гарч ирнэ. Одоо бол тавдугаар ангиас эхлээд авиан зүй үзэж байгаа. Авиан зүй бол өвч бүрэн тоноглогдсон урланд судалдаг нарийн шинжлэх ухаан. Гэтэл ээжийнхээ сүүнээс гараагүй шахам хүүхдэд хэл шинжлэлийн том онол үзнэ гэдэг чинь заанд ачих ачааг зараанд ачсантай адил. Уурхайн том машинд ачих ачааг унадаг дугуйнд ачсантай адил юм. Хүүхдийг эх хэлэндээ сонирхолгүй болгодог нь энэ шүү дээ. Уг зүй нь бага, дунд сургуульд үлгэр яриулж, ангиараа нэг нэг ертөнцийн гурвыг таниулж, ертөнцийн гурвын чуулга болгоод л, нэг нэгнээсээ сурч, утгыг нь тайлж, үгсийн сангаа арвижуулж, түүх соёлоо мэдэж авах учиртай. Тэгтэл наймдугаар ангиас нь өгүүлбэр зүйн хичээл зааж байгаа. Өгүүлэгдэхүүнийг нэг зурна, өгүүлэхүүнийг хоёр зурна, нөгөөдүүлийг нь муруй зурна, тасалж зурна гээд л зааж байгаа. Эх хэлээрээ яруу өгүүлж, бичиж сургахын оронд эх хэлний хичээлийг зургийн хичээл болгож байна. Яг нарийндаа манай гэгээрүүлэх яам өөрөө эх хэлээ устгаж байгаатай адил. Муу юм хэвшчихээрээ ийм болох юм л даа.
1
Монгол үндэстнийг, хэлийг устгах бодлогын үеийн сургалт одоо Тусгаар улс болчихсон, бодлогоо өөрсдөө тодорхойлдог болчихсон үед өнөөх л улигт аргаараа зааж байна. Бэлдсэн багш нар нь тийм. Их дээд сургуулийн хичээлийг бага ангид үзэж байгааг больж, сургууль сургуулийн үзэх хичээлийг зааж өгнө гэдэг нь энэ хуулийн хэрэгжилтийн онцлог байж, цаазаар нь тогтоож өгөх бололцоотой. Би өмнө нь хэлсэн дээ. Сонин хэвлэл, зурагтын нэгдүгээр бодлого нь эх хэл, хоёрдугаар бодлого нь мэдээлэл байх ёстой. Үгсийн сангаар нэвтрүүлэгч Батбаяр, Гүрбазар, Цагаандалай, Тосоон, Дагиймаа шиг ярьж чаддаг болохын тулд биеэ бэлдэж, сургуульд элсэхэд нь удам төрөл ах дүү, танил талаа биш, энэ хүндтэй албаны торгон цэрэг болж чадах хүн юм аа гэж авч байх ёстой юм.
1
Мөн харь үг, буруу үг хэллэгийг Хэлний зөвлөл бүртгэж авах хэрэгтэй. Өнөөдөр өргөн хэрэглэгдэж байгаа харь үгийг бүртгэж аваад маргаашнаас эхлээд энэ үгээ цөөрүүлж, эхний улиралд энэ 90 үгийг хасна гээд мэдэгдэх юм. Жишээ нь, эх оронч Дамдин Чой.Лувсанжав багштан “онгоцны пүүг авахдаа тасалбар түгээврээр үйлчлүүлж” гэдэг ч юм уу. Нэг нь цаас тасалж өгч, нөгөөх нь олон нийтэд түгээж байгаа үйлдлийг “Билетийн касс” гэж байна. Үүнийг өөрчлөхийн тулд тодорхой хугацаа өгч “Та үүнийг засч залруул, залруулаагүй бол аймаг, сум, ИТХ-ын дарга нар торгодог. Эсвэл 100 мянган төгрөгөөр хаяг сольж чаддаг хүнд өгөөд “Тасалбар түгээвэр” гээд өөрчилж болно. Энэ мэтчилэнгээр Хэл зохиолын хүрээлэн, Хэлний зөвлөл зүгээр л нэг байж байдаг байгууллага биш эх хэлээ хамгаалдаг, жанжин түмэн байх ёстой.
1
Цааш нь Монгол бичиггүйгээр монгол хэл гэж ярих, монгол хэлгүйгээр монгол бичиг гэж ярих нь утга учиргүй. Тийм учраас монгол хэл нэмэх нь бичиг тэгээд монгол хэл бичиг. Тэгэхээр дэлхийн монгол үндэстний багш нь Монгол Улс баймаар байгаа юм. Тэд нар тийм байгаа гэж горьдоод байдаг, тэгтэл нийслэлд нь ирэхээр 18 дугаар зууны Африкт ирчихсэн юм шиг төөрөөд байна. Монгол иргэд нь өөрсдөө төөрч, үйлчлүүлэхэд нь саад болж байгаа юм. Цаадуул нь орлогоо алдаж байгаа хэрэг. Хувь хүний хувьд хүлээх хариуцлага ч их бий. Жишээ нь, “морожин” аваарай гэж суугаа бүсгүйгээс авалгүй, “зайрмаг аваарай” гэж байгаа эмгэнээс худалдаж авдаг болохоор иргэн бүхэн эх хэлээ хамгаалах боломжтой юм.
1
Миний ард түмэн нэг зориглоод ухасхийхээрээ бүхнийг чаддаг, бүтээдэг. Ингэхээр Соёлын сайд Оюунгэрэл, эрхэм гишүүн Батчимэг нарын санаачилсан энэ хуулийг тал талаас нь харж, онолжихгүй, онигоотохгүй, онгирон сагсуурч худлаа мэдлэгээр зодохгүй, эх хэлээ хамгаалахын тулд яах вэ гэж анхаарах хэрэгтэй. “За би ганц морьтой хүн. Тэрнийгээ дайны талбарт явуулъя. Би ганц хүүтэй хүн. Эх орноо хамгаалахд миний хүү яваг ээ” гэж бид чинь Монголоо хамгаалсан. Түүнтэй адил бүх нийтийн хүчин чармайлт хэрэгтэй. Эх монгол хэлний хуультай болсон явдал бол УИХ-аас гаргасан “Урт нэртэй хууль”-ийн нүгэл хилэнцийг цайруулах хэмжээний буянтай сайхан хууль болно гэж найдаж залбирч байна. Ямар сайндаа л хацраас хазсан, чихнээс чимхсэн жавартай өвлийн өдөр үүрээр Төрийнхөө ордонд хулуутай хөлтэй, хуучны өвгөн би ингээд гүйгээд ирж байхав.
1
-Ер нь гадаад үг хэллэгээс гадна утга зохиолын салбарт хэл соёл хэрхэн өөрчлөгдөж байна. Уран бүтээлчид зүрхний дуудлагаар гарч байгаа бүхэн ямар ч үг хэлээр гарч болно. Энэ бол онгод гэдэг. Таны хувьд ямар бодол тээж явна?
-УИХ-ын гишүүн яагаад 76 байдаг юм. Гэсэн чинь 76 үгээр ярьдаг учраас 76 байгаа юм аа гэж. Зохиолчдын цалин яагаад 333 мянган төгрөг байгаа юм гэсэн чинь зайлуул 3 мянга 33 үгээр ярьдаг учраас тийм байгаа юм аа гэдэг онигоо чинь цаагуураа эх хэлний баян сүргийн эзэн байх хүмүүсийн хэл яриа ядуу байгаад бухимдсан ард түмэн өөртөө байгаа ганц зэвсгийг бариад тулалдаж байгаа нь тэр. Хачин сайхан авъяастай залуучууд зөндөө байгаа ч олон нийтэд уран бүтээл нь нэг л сайн хүрч чадахгүй байгаа нь өнөөх л тулга тойрсон хэдхэн үгээр бичиж байгаатай холбоотой. Өнөөдөр бүх дуу аав ээж хоёр. Монголын дууг сонсоход гурав л бий. Нэг нь Төрийн сүлд дуу, бусад нь аав ээжийн тухай дуу. Тэгээд тэр дуунд байга үгнээс болоод аялгуу нь ижилхэн гардаг. Аав гэдэг дууны ая ерөөсөө өөрчлөгддөггүй биз дээ.
1
Гэтэл танхай билэг танхай зохиолчид нэгдүгээрт, би урьд өмнө гараагүй шинэ зохиол бүтээх ёстой гэсэн дотоод тооцоотой. Хоёрдугаарт, яг үүндээ таарсан үгсийн сангийн баялгаар энэ зохиолоо гаргавал хүмүүст хүрнэ гэж боддог. Жишээ нь, Манжийн дарлалын үеийг социализмын үеийн шиг хэллэгээр бичвэл ухаандаа морь уналаа гэсэн чинь илжиг уначихсантай адил. Тэгэхээр хүн дооглоно. Шоолно. Гэвч үгсийн сангийн баялгаар ард түмний багш болсон хэсэг сайхан зохиол байна. Ахмад үеийнхээс Д.Нацагдоржийн шагналт, СГЗ зохиолч Цэдэвдоржийн Базаррагчаа гэж байна. Тэр хүний зохиолын хэл найруулга бол үнэхээр монгол хэлний үгсийн сангаа мэддэг, түүнийгээ зөв найруулж чаддаг, урлахуйн эрдмийн цээнд хүрсэн байдаг. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын шүлэг зохиол цоо шинэ ертөнц байгаа. Шинэ ертөнцдөө таарсан үгсийг оноож хэрэглэж чадсан учраас сайн байгаа юм. Тэрнээс хүн бүхэн ариун алтан, аугаа гэдэг үгээр л толгой холбоод байхаар хүний зажлаад хаясан бохийг газраас авч зажилахын дайтай ой гутмаар болж байна. Ц.Гомбосүрэн гэхэд Достоевскийн романыг орчуулахдаа “Гэм зэм” гэж өгсөн. Гэтэл урьд нь “Шийтгэл ба зөвлөгөө” гэж хоёрхон үгийн хооронд нэг “ба” оруулсан байдаг.
1
Залуучуудаас Л.Батцэнгэл, Т.Гантулга гээд хоёр сэтгүүлчийн аян замын тэмдэглэлүүдийг уншихад хөхөө өвлийн хүйтэнд тэр нутгаар явж байгаа юм шиг, байгалийн үзэсгэлэн цаана нь харагдаад, зэрэглээ мяралзаад цэцэг нь алаглаад, тэр нутагт болсон үйл явдлаар уншигч өөрөө зорчоод, тэнд байгаа хүмүүсийн сэтгэл санааг хуваалцаад явж байгаа юм шиг санагддаг. Энэ бол хэлний ур чадвар. Их олон хүн хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа л даа. Тэд өнөөдөр жаахан бүдэрч, таварцаглаж байгааа боловч маргааш шавар хөлсөө шахуулсан юм шиг, сувдан хөлс нь суларсан юм шиг болох байх. Хэрвээ тэгэхгүй юм бол их утга зохиолын юм уу сэтгүүл зүйн бүртгэлд нэгээхэн зуурт байгаад уран бүтээлийн алдар хүнд, ард түмэнд мөнхөд дуурсагдах бүтээлийг бүтээхгүй л дээ.
1
Б.Ринчен багшийн зохиол голдуу түүхэн сэдэвтэй. Тухайн үеийн засаг захиргааны нэгжийн хэллэг өөр, хаан хүний, харц хүний хэлдэг үг өөр, эрдэмтнийх нэг өөр, наймаачных нэг өөр гээд биет хүн болгож байсан. Гэтэл өнөөдөр зарим зохиолчийн бүтээлд гуйлгачингийн хэлээр ярьдаг хаан байна. Эрүүл хүний яриа нь өвчинтэй хүний яриа шиг байгаа нь утга зохиолын нэр хүндийг буулгаж байгаа нь тэр. Гэхдээ залуучууд эх хэлдээ гаргуун болж байна. Учир нь гадаадад гарч хүнд хүчир ажил хийж, боолын хөдпөлмөр эрхэлж эсвэл сурч боловсорч байхдаа тухайн улс оронд хэл соёл түүхээрээ бахархаж, гайхуулахыг хараад манайд тэр бүхэн чинь байгаа гэсээр эргэн ирдэг. Тэгээд багштайгаа уулзаад гомдож байна. Гэвч багш нь яамныхаа бодлогоор зааж сургадаг учраас яаж чадахгүй л сууж байдаг.
1
-Ер нь хэл соёлоо хадгалж үлдэхийн тулд хүн бүхэн юуг анхаарвал ёстой юм бэ?
-Яг л өвчний оноштой адил. Жишээ нь, унаанаас уначихсан хүнийг үзээд “Өө зайлуулаа, өвчүү нь гэмтчихжээ" гэж байгаа эмч бол хүнийг эмнэж чадахгүй. Яагаад гэвэл өвчүү гэдэг цээжний урд талын ясан бэгтэр, гэдэс, таван цулыг хормойлсон махан сүвээ сүвэргэдэс юм. Тэгэхээр хаана өвдсөн нь тодорхойгүй. Тэрний оронд баруун талын гурав дахь хуруу булгарчээ гэвэл бүгдийг нь дэлгэхгүй тэрүүхэн хэсэгт нь эсгээд булгарсан хурууг эмчлэх юм. Эсвэл бүдэрхий цөмөрчээ гэвэл бүхэлд онгойлгохгүй зөвхөн эгэмний доохон талд онгойлгоод төмөр хадаад л эмнэчих жишээтэй.
1
Яг л энэ бүхэнтэй адил хэнтэй юу ярих вэ гэдгээ бодож байгаад оноож хэлэх ётой л доо. Жишээ нь, Ерөнхийлөгчтэй тааралдаад орчин цагийн хэллэгээр “Сайн уу” гээд мэндлээд өнгөрч болно. Энэ нь нэгдүгээрт, мэндэлсэн хүн бүдүүлэг, дээр нь Ерөнхийлөгчөө биш Монголынхоо төрөө дээдлэхгүй байгаагийн илрэл юм. Цагаан сараар айлд ороод “Таны бие гайгуй юу” гэвэл өвгөн гомдоно. “Намайг үхэх гэж байсан гэж дуулж дээ. Мануухай царайлаад дээл өмсөөд сууж байна даа” гэж бодно. Тэрний оронд “Та амархан сайн байна уу. Амрыг айлтгая” гээд хэлвэл нөгөө өвгөн сэмбэлзээд л босоод ирнэ. Дээр нь бас инээмсэглэлтэй шүү. Ер нь монголын бүх үг эгэл, доромж доошоо, дээшээ өргөмж гэсэн гурван утга дээр хэлэгддэг.
1
Албаны хэргийг эгэл утган дээр өгүүлээд “төр түвшин”, эсрэг этгээдтэй уулзахдаа зайлшгүй доромж үгээр цочоож эмнэх шаардлагатай бол хэрэглэж болно. Жишээ нь, архи уухад жирийн хүнд өнөөдөр сэрүүхэн байна. Ганц хундага тогтоочих оо гэнэ. Дандаа гудардаг хоёр хөлтийг болохоор “Цусла, цусла” гэнэ. Утга нь “уу тэгээд ходоодны шарх чинь дэлбэрээд, цус алд” гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүн цочоод архи уухаа болино. Тэгтэл ихэс дээдэс, хайрханд “энэ хундгыг өргөе” гэх жишээтэй. Энэ хэлний соёлын хувьд миний Монгол дэлхийд хосгүй соёлын өвтэй улс юм шүү дээ.
1
Энийг, сургалтыг өөрчилсөн цагт л хүүхдүүд мэддэг болно. Харин одоо харь үгээ сургахын тулд “Ширээн дээр ном хэвтэж байна”, “Ширээний хажууд дөрвөн сандал зогсож байна” гэж заалгаж байгаа юм чинь яаж эх хэлээ сурахав дээ. Тиймээс эх хэлээ хамгаарлах зөв арга руугаа орох хэрэгтэй. Энийг одоо ярьж байгаад баярлаж байна. Би нэлээн хэдэн зурагтын сувгийн залуучуудад эх хэлний хичээл зааж байлаа. Гэтэл “наадахаа болиул” гэсэн шийдвэр ирсэн гэв. Яагаад гэсэн чинь “манайхаар дүүрэн гадаад зөвлөхүүд байгаа англи, хятад, солонгос, япон хэл заа гэхийн оронд наадахаараа элдэв юм заалгаад байна” гэсэн юм билээ. Тэд чинь нэг нэг эзэнтэй, эзэн нь тэгэхээр нөгөө хэдэн залуучууд яах билээ. Уг нь туурга тусгаар улс гэдэг чинь гадаадын зөвлөхүүдийн утсаар оосорлосон хүүхэлдэй байх ёсгүй.
1
-Эцэг эхийн үг зөв байж, үр хүүхэддээ сайн сайхныг хэлж, хүмүүжүүлж ирсэн. Гэтэл одоо цагт зарим эцэг эхчүүд үр хүүхдээ загнаж зэмлэхдээ үгээ буруу сонгох, доромж утгаар, хүндлэхгүй харьцах нь харагддаг. Ер нь эцэг эхчүүд ямар байх ёстой юм бэ?
-1923 онд Оросын монголч эрдэмтэн Владиморцов манай улсад ирээд маш их гайхаж, Богд хаанаасаа эхлээд боол зарц бүгдээрээ гүн ухаантны хэмжээнд сэтгэж, яруу найрагчийн үгээр ярьдаг юм байна. Ямар мундаг соёлтай ард түмэн бэ гэж гайхсан гэдэг. Тухайн үедээ Сталин монголчуудыг магтаж болохгүй гэсэн үүрэг өгсөн ч эрдэмтний хувиар магтаж, биширч байсан. Гэтэл одоо яагаад ийм болчихов. Өнгөрсөн 70 жил Монгол Улс биш Монхор Улс болгох бодлого явсан. Төрийн бодлого тийм болохоор чинь тэр нь одоо цагт өв соёлоо мэдэхгүй, үр хүүхдээ хүндэтгэхгүй хүмүүсийг бий болгож байгаа юм. Хүүхэд чинь Чингис хаан байгаа юм билүү, ирээдүйн төрийн тэргүүн, эрхэм хүндтэй хүн болох ч юм билүү. Ер нь манай удмын үргэлжлэл, би энх цагт нь байна, энэ маань мөнх цагт нь байна гэж бодож, би өнөөдөр хүүхэдтэйгээ яаж харьцана, маргааш үр хүүхэд маань эргээд надтай тэгж харьцана шүү гэдгийг бодох хэрэгтэй. Тэгж бодохгүй амьдралд бухимданги, заалгасан хичээл нь өгүүлбэр зүйгээс хэтрэхгүй болохоор яаж зөв ярихав. Үүнтэй л холбоотой. Хэрвээ бид сургалтаа өөрчлөөд хүүхдүүд эх хэлээ сайхан эзэмшээд ирэхээр хэлтэйгээ цуг ёс заншил чинь ороод ирнэ. Хамт явж байгаад салахдаа “Сайн яваарай” гэдэг. Сайн яваарай гэдэг бол хараал. Сайн явахыг чинь үзнэ дээ гэсэнтэй адил. Тэрний оронд “Сайн яваад ирээрэй” гэвэл явах нь байна, ирэх нь байна, инээгээд уулзалдах нь байна гэж ойлгож болно. Ийм л байна.
1
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ