Эрүүгийн хуулийг хоёрдугаар сараас мөрдөнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Дараагаар нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийж байна. Дээрх хуулиудад мөнгө угаахтай холбогдсон заалтыг нэмж байгаа юм. Уг хуулийн төсөлд гишүүдийн зүгээс найруулга, утгын хувьд алдагдалтай байна гэсэн шүүмжлэл нэлээд гарч байлаа.
.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Зах зээлийг урвуулан ашиглах гэж юу гэсэн үг вэ? Эцсийн дүндээ энэ чинь мэдээлэл ашиглах л гэсэн үг. Нөгөө алдарт 20 дугаар тогтоол чинь ийм зүйл болсон. Тэр үеийн бага хурлын гишүүд 20 дугаар тогтоол гарна гэж мэдээд банкин дахь мөнгөө арвижуулсан шүү дээ. Мэдээлэл ашиглана гэдэг чинь энэ.
.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Зах зээлийг урвуулан ашиглана гэж байхгүй. Үүнийг сонсоход ч гэсэн буруу байна. Үүгээрээ мэдээлэл хэлж байна уу, зах зээлийн хууль бус аргыг хэлээд байна уу.
.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Эрүүгийн хуулийн заалт учраас нарийвчлан харах хэрэгтэй. Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах гэсэн заалтыг Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах гээд шинэчилсэн нэр оруулж ирлээ. Ингэж нэр өөрчилвөл Дэгийн хуультайгаа зөрчилдөөд эхэллээ.
.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Урвуулан ашиглах гэсэн нэр томъёо Эрүүгийн хуулинд байгаа. Үүнээс яагаад татгалзаад байгаа юм.
.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Гэтэл энэ хуулийг хэлэлцэж байхад хувийн хэвшлийг хамгаалан үг хэлсний төлөө төрийн албан хаагчдын зүгээс УИХ-ын гишүүний өөдөөс дайрч байна. Үүнийг Засгийн газар анхаарч, тэр хүмүүстээ хариуцлага тооцоход анхаараарай.
.
Ийнхүү гишүүдийн шүүмжлэлд өртсөн “зах зээлийг урвуулан ашиглах” гэснийг “хууль бусаар ашиглах” хэмээн өөрчлөх санал хураалт дэмжигдэв.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараагаар баталлаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2014 оны хоёрдугаар сарын есний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.
_
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ