Цагдаагийн асуудлаар МАН завсарлага авлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөөр үргэлжилж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан дагаж мөрдөх Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд тус тус хэлэлцэж байгаа юм.
.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ганбат байнгын хорооны дүгнэлтийг танилцуулж байна. Цагдаагийн албаны тухай хуулиар аймгийн төвөөс бусад алслагдсан суманд тасралтгүй 60 сар буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 2014 оноос эхлэн олгох, холбогдох хууль батлагдах хүртэл цагдаагийн байгууллага, алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл журмыг энэ хуулиар түр зохицуулахтай холбогдсон зүйлийг төсөлд шинээр нэмэх зэрэг саналуудыг төсөлд тусгажээ. Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Алслагдсан сум гэдгийг яаж тодорхойлж байна вэ? Аймгуудын сум бүр алслагдсан байдаг. Өнөөдөр аймгууд сумын статустай байгаа. Тиймээс аймаг, сумдад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийг хамруулбал ямар вэ?
.
ЦЕГ-ын дэд дарга М.Ганбаатар:
-Суманд нэг хэсгийн төлөөлөгч, нэг цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа. Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн тав хүртэлх жил ажилласан тооцоо хийгдсэн байгаа. Хэрвээ аймгийн төвүүдэд ажиллаж байгаа цагдаа нарыг хамруулбал Улаанбаатар хотод ажиллаж байгаа цагдаа нар ч хамрагдана.
_
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Шинэчлэл хийхээр эрхзүйн байдлыг дордуулж, нэг хэсгийг муутгах шаардлага байхгүй. Цагдаагийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагдаад ажиллаж байсан албан хаагчийн цалин хөлс, хангамжийг дордуулахгүй байх арга хэмжээг Засгийн газар авахаар байсан. Мөн цолны асуудлыг хуулийн төслөөр оруулж ирэхээр байсан ч Х.Тэмүүжин сайд өөрчлөлт оруулсангүй. Өнөөдрийн нөхцөлд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг цаг наргүй хийх үүрэгтэй ЭЦГ, УМБГ-ыг шууд нэгтгэх нь хэр зохистой вэ?
_
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж:
-Төрд зүтгэж байсан хүмүүсийг өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанаас болж амжиргааг нь дордуулж болохгүй. Засгийн газарт энэ ажлыг шилжүүлж байгаа. Засгийн газар тухайн хүмүүсийн тоо ямар байх, ямар төсөв суутгах вэ гэдгийг гаргах юм. УМБГ, ЭЦГ-ын асуудлаар хаалттай хуралдаанаар ярилцсан.
_
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хуучин цолоор тав зургаан төрлийн нэмэгдэл авдаг юм. Цолны, удаан жил ажилласны, ур чадварын гээд 30 хүртэл хувийн нэмэгдэл авдаг юм. Гэтэл одоо урамшууллыг хасчихаар 110-250 мянган төгрөгөөр цалин нь буурчих гээд байна. Дотоодын цэргийн албан хаагчдыг цэргийнхээс шууд хасч байгаа юм байна. Ингэвэл дотоодын цэргийнхэн тэтгэвэргүй үлдэх нь ээ.
_
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж:
-Цолны нэмэгдэл асуудал үүсгээд байна. Хэдийгээр санхүүгийн ажил эрхэлдэг ч гэсэн тушаалаар ажилладаг 200 гаруй хүн байна. Шинэчлэгдэж байгаа хуулиар шинээр ажилд орж байгаа хүмүүсийг нэг өөр, өмнө нь ажиллаж байсан албан хаагчдын хангамжийг хэвээр үлдээхээр ярьсан. Иймээс Засгийн газарт мөн үлдээгээд байгаа. Дотоодын цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг мөн хуулиар зохицуулан шийдэх боломжтой гэж үзэж байна.
_
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:
-Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиас дотоодын цэргийн албан хаагчийг хасна гэсэн байсан. Гэхдээ энэ хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр үлдээхээр болоод байна.
_
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Төрийн албан хаагчдыг орон нутагт ажилласан гэдгээр нь урамшуулал олгож байгааг улсын хэмжээндээ их хурал бүхэлд зохицуулж болохгүй юу. Санаачлагатай сайдууд нь Засгийн газарт асуудал оруулдаг. Засгийн газар үүнийг нь авч хэлэлцдэггүй. Тэгэхээр нь УИХ-аар оруулж ирдэг. Төрийн албан хаагчид салбар салбараараа өөр болоод байгааг яах вэ?. Улаанбаатарт ажиллах, Хөвсгөлд ажиллах хоёрын ялгаа асар их. Тиймээс шатлалаар нь ялгаварлавал ямар вэ?. Алслагдсан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг таван хувиар нэмэгдүүлэхээр байгаа. Багш нарынх таван жил тутамд урамшуулал олгохоор байгаа. Гэтэл цагдаагийн албан хаагчдын 60 сар тогтвортой ажиллавал урамшуулна гэж байна. Агуулга нь адилхан шүү дээ. Хуулийн үгээ цэгцлээд “таван жил” гээд цэгцэл болохгүй юу.
_
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж:
-Таны саналыг хүлээн авч байна. Хуулийн дагуу сараар гэж оруулж ирсэн. Цаашдаа он, сарыг нь нэгтгэсэн нь зөв байх.
_
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Гишүүдийн асуултаар энэ хуулинд цэгцлэх зүйл их байна. Тийм учраас таван хоногийн завсарлага авъя.
_
Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар энэ хуулийн төсөлтэй холбогдуулан тав хоногийн завсарлага авлаа. Үүнийг Х.Тэмүүжин гишүүн эсэргүүцэж байсан ч тусыг эс олов.
_
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ