Д.Эрдэнэбат Япон улсын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзлаа

img

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Япон улсын Гадаад хэргийн дэд сайд ноён С.Кихара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Япон улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара  2013 онд хоёр улсын хооронд  дээд хэмжээний уулзалтууд болсон нь амжилттай үр дүнг бий болгож байна. Цаашид ч мөн хоёр улсын харилцааг  өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлээд, Парламентын гишүүд хоорондын харилцааг өргөжүүлэх  тухайд дэмжиж ажиллахыг Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас  хүслээ.

 

Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад хийсэн албан айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх айлчлал болсон гэдгийг онцлоод энэ онд мөн парламентын гишүүдийн айлчлал төлөвлөгдсөн байгааг  дурдлаа. Олонхи цөөнх гэж нэг талыг барихгүй парламентын гишүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зарчим баримтална гэдгээ тэрбээр мөн уулзалтын үеэр хэллээ. Түүнчлэн Монгол Улс  саяхан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг  баталсан тухайгаа дуулгалаа. Цаашид Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуулийг хэлэлцэн батална. Хилийн боомт дахь эдийн засгийн чөлөөт бүс, Шинжлэх ухаан технологийн,  Худалдаа аж үйлдвэрийн чөлөөт бүс гэсэн гурван гол ангиллаар хөгжүүлэх сонирхолтой байна. Энэ тал дээр Япон улсын технологийг татан оруулах болон хамтран ажиллах боломж харагдаж байгаа  тухайгаа онцлов.

Япон улсын гадаад хэргийн дэд сайд С.Кихара  хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулах ажлын хэсгийг ахлах болсон тухайгаа ноён Д.Эрдэнэбатад дуулгаад, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын төр, болон хувийн хэвшлийн үүрэг их. Тэр дундаа парламентын гишүүд хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд төр болоод ялангуяа хувийн хэвшлийн хүрээнд  хамтран ажиллах өргөн боломж байгаа учраас хамтарч ажиллахад бэлэн гэдгээ тэрбээр илэрхийллээ.

5

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ