Монголын анхны автомашины үйлдвэр нээлтээ хийв
Монголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэллээ. Тус үйлдвэрийн нээлт өнөөдөр болов. “Экобус” ХХК-г “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Уг автомашины үйлдвэрт үндэсний стандартын шаардлага хангасан Евро-4 стандартын байгаль орчинд ээлтэй J-800 цувралын эко дизель хөдөлгүүртэй утаагүй автобусыг үйлдвэрлэж эхлээд байна. Автобусны урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжийг шийдэж өгчээ. Үйлдвэр жилдээ 120 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
“Экобус” ХХК-ийн автомашины үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар оролцсон байна. Автомашины үйлдвэрийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Би ойрын хэдэн жил мундаг ажил хийсэн дүр эсгэж тууз хайчилсангүй. Харин энэ үйлдвэрийн нээлтэд ирье гэж бодож ирлээ. Яагаад ингэж бодсон бэ гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байж, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ бол эцсийн үнэн юм.
Бид хувцас хунар, идэж уухаасаа авахуулаад хэрэглэдэг бүх зүйлээ гаднаас авна гэсэн сэтгэхүйтэй байсан. Гэтэл Монголдоо үйлдвэрлэх, Монголдоо угсрах боломж байгаа юм. Энд нэг зүйлийг хэлэхэд дэлхийн өндөр нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд эхлэхдээ үүнээс багаар, зүгээр л гаражид, хоёр гурван хүнтэй ажлаа эхэлж байсан байдаг. Тэгээд дэлхийн брэнд болтлоо цаашаа явсан байдаг юм. Өнөөдрийн энэ түвшин, автобусыг үйлдвэрлээд, угсраад гаргаж байгаа байдлыг үзэхэд монголчуудад наад зах нь хот суурин газраа явах автобусыг хэд хэдэн төрлөөр нь угсарч үйлвэрлэх боломж байгаа юм" гэжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ