Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаарай
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог. Энэ удаагийн уулзалт удахгүй болох сар шинийн баяртай холбогдуулан, өвөрмөц байдлаар зохион байгуулагдлаа. Тодруулбал, Ерөнхий сайдын ивээл дор өнгөрсөн жилээс зохиогдож буй цагаан сарын үзэсгэлэнгийн нээлт “Дүнжингарав” худалдааны төвд болохтой зэрэгцэн “Ерөнхий сайдын 30 минут” болсон.
6
Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр үйлдвэрлэгчиддээ хандан “Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжиж энэхүү үзэсгэлэн худалдааг зохиож, худалдааны төвийн түрээсийн төлбөрөөс хуваалцаж байгаа. Иймд бараа бүтээгдэхүүнээ хямдруулж худалдаарай, битгий үнэрхээрэй” хэмээн захив. Тэрбээр мөн эхний жил зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаагаар 4 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийгдсэнийг дуулгаад энэ жил үзэсгэлэнг өргөжүүлсэн тул илүү их ашиг орлогыг цуглуулж, монголчууд бие биеэ дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Уулзалтын үеэр дээрх үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчдийн төлөөлөл Ерөнхий сайдад бүтээгдэхүүнээхээ дээжээс танилцууллаа. Үүнээс харахад оймс, гуталнаас эхлээд малгай, дээл, хувцас, бэлэг дурсгал, хивс гэх мэтчилэн зүйлсийг дэлгэжээ. Тиймээс хэрвээ хийж бүтээх хүсэлтэй хүмүүсийг дэмжээд өгвөл үндэсний үйлдвэрлэл эргээд сэргэж, бид гаднаас царайчлахгүй бүх зүйлийг хийж чадахаа үзэсгэлэнгийн үеэр олон хүн хэлж байв.
6
2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриан дор Засгийн газраас ажиллахаар болсон. Иймээс морин жилд монголчууд улам их хийморьтой байж, Монголдоо илүү ихийг бүтээхийг Ерөнхий сайд үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр монголчууддаа уриалж байлаа.
А.Энхжаргал
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ