Асуудлын учиг нь Л.Болд уу?
Авилгатай тэмцэх газраас урд шөнө Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яамны нэр бүхий албан тушаалтнуудыг баривчилж саатуулсан тухай бид мэдээлсэн. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар болон Батлан хамгаалах яамны газрын дарга Батсайхан, Жаргалсайхан, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Монгол-999” нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү зэрэг таван хүнийг саатуулжээ. Тэднийг Бригадын генерал Т.Дашдэлэгийн хамсаатнууд хэмээн үзэж буй мэдээлэл байна. Тодруулбал, тэд хамтран “Миг-21” байлдааны онгоцны хөдөлгүүрийг БНАСАУ-д худалдах гэрээ байгуулсан, “Ми-8” нисдэг тэрэг худалдах гэж байсан, Батлан хамгаалах яамны эд хөрөнгийг зувчуулсан байж болзошгүй гэж үзжээ.
6
Харин тэдэнтэй холбоотой өөр нэг сэжүүр гарчээ. Энэ сэжүүр нь өнөөгийн Гадаад харилцааны сайд Л.Болдтой холбогдож байгаа аж. Л.Болд Батлан хамгаалахын сайд байх үедээ яамныхан алба хаагчдаа зориулан орон сууц бариулахаар болж, 10.3 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид өгсөн тухай нийтлэл “Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт нийтлэгджээ. Тэнд дурдсанаар 2011 оны есдүгээр сарын 9-нд 230 айлын орон сууц бариулах гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулж, 10 давхар 3 орон сууцны өртөг болох 7.9 тэрбум, 70 айлын орон сууц бариулахаар 2.4, нийт 10.3 тэрбум төгрөгийг өгсөн аж. Энэ мөнгийг авч, гүйцэтгэх үүргийг хүлээсэн компани нь “молекул” Батж.Батбаярын хүүгийн Хөх Монголын тэнгэр буюу ХөМоТэ хэмээн нэрээ өөрчилсөн “Спейшл” корпораци аж. Хөрөнгө оруулалтыг бүтнээр нь авч, 2012 онд ашиглалтад оруулна хэмээн гэрээ байгуулсан ч орон сууцны барилгын ажил өнөөдөр ч дуусаагүй аж.
5
Өөр нэг холбоос нь мөн л Л.Болдын үед Бригадын генерал Т.Дашдэлэгийн худалдсан Миг-21 онгоцны асуудал. Тухайн үед Л.Болдын оролцоотойгоор манай улс ОХУ-аас Миг-29 загварын байлдааны онгоцууд худалдаж авах болсноор Миг-21 онгоцыг актлах болсон аж. Ингэж жагсаалтаас гаргасан онгоцны моторыг БНАСАУ руу худалдах санаархлын тухай “Associated Press” ч мэдээлж байсан. Мөн “Associated Press”-ийн мэдээлэлд Монголын томоохон албан тушаалтан Оросоор дамжуулан Хойд Солонгостой нууц хэлэлцээр хийсэн тухай ч дурдсан байдаг. Харин бодит байдал дээр акталсан онгоцыг нь БНАСАУ руу зарсан мэдээлэл салбарын сайдын нүд, чихний хажуугаар өнгөрсөн мэтээр харагдсан нь сонирхолтой.
5
Ямартай ч Л.Болд сайдын үед өрнөсөн хууль бус үйлдлүүд илэрч, буруутнууд нь эхнээсээ тодорч эхлэв бололтой. Удирдлага дор нь ажиллаж байсан Бригадын генерал зэвсгийн наймааны хэргээр “аавын хаалга” татав. Харин түүний араас Л.Болдын үед Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад түүнийг дагаж ГХЯ-нд ирсэн Ш.Сүхбаатар явж болзошгүй болов. Мөн “молекул” Батж.Батбаярын хүү ч зүгээр өнгөрөхгүй нь бололтой. Харин энэ бүхнийг Гадаад харилцааны сайд Л.Болд мэдэж байсан эсэх нь сонирхолтой асуулт. Мэдээгүй бол яагаад гэхчлэнгээр түмэн асуулт эргэлдэх нь тодорхой болов.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ