Х.Тэмүүжин: Хохирлыг барагдуулахад төр оролцох шаардлагагүй байсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
.
Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг заалтын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг байна.
.
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг аж.
.
Үндсэн хуулинд “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан бөгөөд Прокурорын байгууллагын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулж, байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилджээ. Тиймээс эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан авлига, албан тушаалын гэмт хэргийг Авлигатай тэмцэх байгууллагын харьяалалд, ахуйн чанартай гэмт хэргийн Мөрдөх албаны харъяалалд тус тус шилжүүлэх бодлого боловсруулж байгаатай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.
.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан хууль санаачлагдаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Дараа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжив. Ийнхүү уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв. Дараагаар нь Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр Хуульзүйн сайд танилцуулга хийлээ.
.
2013 оны байдлаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгож эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгийг олгоод байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт 99.5 хувьтай байгаа бөгөөд 490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй аж.
.
Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна. Дээрх 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ямар хөрөнгүүд нь шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй ажээ. Төрөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авсан. Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 20.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд үүнээс төрд 15.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
.
Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос “Нэмэгдэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100% барагдуулж, “Гэр хороололын барилгажилт”, “Цэн-Алт”, “Үйлс үржихүй”, “Европийн хөгжил”, “Си Эм Си”, “Seven boys” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь Төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна.
.
Хадгаламж зээлийн хоршоодын хохирлын төрөөс олгосон 50 хувийн хохирлын мөнгийг төрд төвлөрүүлсний дараа хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувийг олгоход цаг хугацаа шаардлагатай ажээ. Иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирж байгааг харгалзан үзэж төрөөс олгосон мөнгөн хөрөнгийг төрд төвлөрүүлэх ажиллагааг зогсоож эхний ээлжинд орлого мөнгөн хөрөнгийг хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувьд олгож хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсны дараа төрд төвлөрүүлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ. ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахад төр оролцох шаардлагагүй байсан талаар салбарын сайд гишүүдийн асуултад хариулахдаа хэлж байлаа.
_
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-УИХ-ын хэд хэдэн гишүүн ХЗХ-ноос мөнгө авчихсан гээд хэвлэлээр яриад байгаа юм. Хэн хэн авсныг нь тодорхой хэлэх хэрэгтэй байна.
-Хохирогчдын гаргасан үгний өмнөөс тайлбар хийхгүй. Шалгалт дуусаагүй байгаа. ХЗХ-дын нуугдмал эд хөрөнгийг шалгах шалгалт явагдаж байна. Хуулийн байгууллагад ийм хүмүүсийг шалгаж өгөөч гэсэн гомдлыг хохирогчид тавьсан.
_
Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьсаны дараагаа үг хэлэв. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад олонх нь хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
_
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ