Зүгээр л нэг газарт зүгээргүй ашиг сонирхол байна уу
Улсдаа гуравт бичигдэх 93 мянган хүн амтай томоохон хотод оршин суух газрын зөвшөөрөлгүй хэсэг айл байна. Албан ёсны хаяггүй болохоор “Ховдын хорооллын наад талд, 15 дугаар багийн орчим” гэж байршлаа заана. Дээр нь гэрэл цахилгаангүй хотын хөдөөх айлууд. Эдгээр 40 гаруй айл 2011 онд буюу одоогоос гурван жилийн өмнө Дархан сумын газрын албаны ажилтны “Хашаа, байшингаа барьж бай. Дараа нь газрыг чинь олгочихно” гэсэн зөвшөөрөлтэйгээр Мангиртын 7, 8 дугаар хэсгийн ойролцоох хэсэг газарт хашаа хатгаж, байшингаа барьж амьдарч эхэлжээ. Гэвч одоог хүртэл гэрэл цахилгаангүй, тодорхой оршин суух хаяггүйгээр амьдарч байгаа аж. 2011 оноос өмнө энэхүү газрын цаад тал буюу Ховдын хорооллоос эхлэн газар олгож байсан гэнэ. Эдгээр айлын буусан хэсэг газрыг үерийн ус орж ирдэг гээд өгдөггүй байсан ч далан босгож, хамгаалалт хийснээр ус орж ирэхээ больсон тул газар олгохоор болсон юм байна.
7
Өөрийн гэсэн хашаагаа хатгаж, байшин барьсан иргэд амьдарч байгаа газрынхаа зөвшөөрөлийг авахаар Дархан сумын газрын алба, сумын иргэдийн хурал, Дархан-Уул аймгийн газрын албанд хандаж, тэдний үүдээр гурван жил эргэлдсэн боловч өнөөг хүртэл шийдүүлж чадаагүй аж. Албан газрууд гурван биенээ тойрч эргээд шийддэг газар байхгүй болжээ. Аймгийн газрын алба нь сумын газрын алба чинь мэднэ гэдэг бол сумын газрын албанаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар шийдвэрлэгдчихвэл газрын зөвшөөрлийг чинь өгнө гэдэг аж. Энэ тухай өндөр настан н.Пүрэвсүрэн “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёр төлөөлөгч л гар өргөчихвөл болох гээд байгаа юм гэсэн. Газрын албаныхан тэгж байна лээ” гэж ярьж байв.
7
“Эхлээд та нар бууж бай, газрын зөвшөөрлийг нь удахгүй олгочихно” гэж газрын даамал нь хэлчихсэн мөртлөө гурван жил болоход шийдэж өгөхгүй байгаад гайхаад, хариулт олохгүй байгаагаа иргэд ярьж байсан. Тус газарт оршин суух н.Алтанцэцэг гэх эмэгтэй “Яг нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй байна. Уг нь 2011 онд өгнө гэж байгаад 2012 он гарснаас хойш шийдвэрлэж өгөхөө больчихлоо. Ихэнх айл хуулийнхаа дагуу 0.35 га газрыг авч, хашаа хатгах нь хатгаж, байшин саваа барьсан. Зарим нь энэ хэмжээнээс дутуу ч бий. Энэ газрыг өөрийн болгож авахын тулд банкнаас зээл авсан хүн олон бий. Гэтэл газрын гэрчилгээгүй сууж байна. Ер нь бол хотын төвийн А зэрэглэлд биш, ямар нэгэн зүйлийг таглаж, битүүлээгүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хамраагүй, жирийн иргэд өмчилж аваад амьдрахад бусдын эрх ашигт харшлаад байхааргүй газар. Бид сумын Иргэдийн хурал, Аймгийн газрын албанд байсхийгээд л өргөдлөө өгдөг юм. Тэр мэднэ, энэ шийдвэрлэнэ гэж биендээ нялзсаар өнөөдрийг хүрлээ. Бүр арга бараад тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандах гэж байна” гэж хариулсан юм.
7
Дархан хотын 27 мянга гаруй өрхийн дунд 40 гаруй айл лааны бүдэгхэн гэрэлд аж төрсөөр гурван жил гаруй хугацааг өнгөрүүлж буй аж. Тэд үүнтэйгээ эвлэрсэн мэт “Ер нь лаагаар л амьдарч байна даа. Тоггүй болохоор өглөө хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулахад бэрхшээлтэй ч худаг ойрхон болохоор усны тал дээр санаа зовдоггүй давуу талтай. Гэхдээ газрын зөвшөөрөл, гэрчилгээгээ авчихвал л болох гээд байна” гэж ярьж сууна. Тэдний хэлснээр “Гэр хороололтой залгаа оршдог, хотын А зэрэглэлийн бүсэд ордоггүй, зүгээр л нэг газар” дээр хэн нэгний зүгээргүй ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Эхний жилүүдэд цаад талаас нь эхлээд газар өгч бүхэл бүтэн Ховдын хороолол бий болсон. Наад талдаа мөн айлуудын хороололтой. Энэ хоёрын хооронд орших үерийн уснаас хамгаалагдсан, тэгш дөрвөлжин, дунджаар тооцоолж үзэхэд 14 га газарт аймаг, сумын газрын албыг “базчихсан” хэн нэгний бизнесийн ашиг сонирхол яваад байна уу даа. Тэр ашиг сонирхол гурван жилийн турш иргэдээр өргөдөл бариулж гүйлгээд эцэст нь энэ оны газар төлөвлөлтийн хүрээнд “зөвшөөрөлгүй газраас нүүж, газрыг чөлөөл” гэсэн шийдвэр гаргуулах магадлал тун өндөр санагдав. 40 гаруй айлын газрын хэмжээг бодож үзэхэд дунджаар 14 га болж байгаа юм. Ийм хэмжээний газрын эзэн хүссэн бүхнээ босгож болно гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ