Аймгийн төвүүдээ хот болгох асуудал “хүлээлт үүсгэж байна”
Аливаа улсын хөгжлийг нийслэл хот болон бусад хотуудаар нь ороод л тодорхойлж болно. Манай улсын хувьд аймгийн төвүүд амралтын байдалтай овоо хэдэн жилтэй учран золгосон нь нууц биш. Учир нь төрөөс дэмжиж тэтгээд сэргэчихсэн зүйл ховор байлаа. Гэвч саяхнаас чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болов. Үүнийг бараг хүн бүр л хоёр гараа өргөн дэмжих байх. Энэ нь удахгүй аймгийн төвүүд хотын эрх мэдлээ эргүүлэн авна гэсэн таатай мэдээ юм. Хөдөөнөөс хот руу нүүх нүүдэл буурахгүй байгаагаас болж ихээхэн хүндрэл үүсч байна.
6
Монгол Улс маань 21 аймагтай атлаа нийслэлд нийт хүн амын тал хувь нь бөөгнөрнө гэдэг байж боломгүй зүйл. Ийнхүү утаатай Улаанбаатарыг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа нь аймгийн төвүүдэд хөгжил маруухан байгаатай холбоотой гэдэг. Энэ утгаараа иргэдийг буруутгах аргагүй. Нийслэлийг зорих их нүүдлийг саатуулах нэгэн арга бол аймгийн төвүүдийн хөгжлийг эрс сайжруулж хот болгох. Өнөөдрийн байдлаар манай улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван хот байна. Бусад аймгийн төвүүд үнэхээр бүрхэг байна. Аймгуудын түүхт ой болж байна гээд өч төчнөөн хандив аваад л байсан. Гэвч дорвитой хөгжил нүдэнд харагдахгүй л юм.
5
Зарим аймгийн төв олигтойхон сумдын хөгжлөөс ч долоон дор байгааг хаа хаанаа анхаарах цаг иржээ. Аймгийн төвүүддээ ажлын байр гаргаж орон сууц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд нь ихээхэн анхаарахгүй бол хот гэдэг зангууны үлгэр болно. Төрийн байгууллагуудыг нэг дор байлгая гэсэн зарчмыг шинэчлэлийн Засгийн газар барьж байгаа. Энэ зөв л асуудал. Учир нь төрийн байгууллагуудын хэлтэс, агентлагууд тус, тусдаа гарчихсан тусдаа халаалттай.
5
Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэвэл ядаж халаалт, цахилгааны мөнгө хэмнэгдэх юм. Харин сул үлдсэн байранд нь шинэ ажлын байр гаргаж иргэдийнхээ амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх нь чухал билээ. Мөн аймгийн төвүүдээ хамгийн наад зах нь гудамж, талбайгаа гэрэл, хогийн саваар хангах. Энгийнээр хэлэхэд, хүний амьдрах аятай орчинг бүрдүүлж өгөх нь чухал. Ихэнх аймгийн захаар ороход төмөр контейнерт наймаачид гурил будаа, гэр ахуйн бараа зараад зогсч байдаг.
5
Жилийн дөрвөн улиралд төмөр саванд зогсоно гэдэг амаргүй даваа. XXI зуунд төмөр контейнерт наймаа хийнэ гэдэг эрүүл мэнд, үзэмж, хөгжил гээд аль ч талаас нь бодсон зүйд нийцэхгүй. Аймгийн төвүүдэд дэд бүтэц барих, орон сууцжуулах ажилд хөрөнгө зарах бодлого хэрэгжүүлнэ. Багахан зардлаар аймгийн төвүүдээ хот болгоно” хэмээн ерөнхий сайд маань хэвлэл мэдээллийн хэрэгслээр амаа чилтэл яриад л байна. Ярьж байгаа нь сайн. Одоо ажил хэрэг болгох л үлдээ.
5
Ам, үйлдэл нь зөрөөд байвал ажил урагшилдаггүй гэдгийг эрхбиш мэдэх байлгүй. Хойд эцэг эхийн хатуу гарт нухлаглан өсч буй хүүхэд шиг олон хөгжлөөс арагш татуулсан аймгийн төвүүдийн үнэн төрхийг иргэддээ таниулж хөгжлийн гарцын талаар санал асуулга авах хэрэгтэй. Аймаг бүрт давуу тал бий. Түүнийг л маш нарийн судалгаа, санал асуулгыг үндэслэх нь зүйтэй. Тухайлбал, уран, газрын тос нь Дорнод аймгийн хөгжлийн гарц байж болно. Архангай аймгийн хувьд эртний түрэг, уйгар, Хүннүгийн үеийн бунхан, хөшөө дурсгал олон бий. Энэ утгаараа тус аймаг яах аргагүй түүхийн их өлгий билээ. Даяаршиж буй энэ нийгэмд аймгийн төв бүрт уламжлалт өв соёл, гайхамшигт түүх, үзэсгэлэнт онгон дагшин байгаль зэргээ хадгалан түүнийгээ сурталчилан хөгжих боломж нээлттэй байна. Орон нутаг хөгжвөл олон асуудал ч шийдэгдэнэ. Тиймээс аймгийн төвөө “хотын статус”-тай болгох гэгээн өдрийг нутгийн иргэд хуруу даран хүлээж суугааг сануулах гэлээ.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ