Смоленскт сүйрсэн онгоцны осолд Польш буруутай гэсэн дүгнэлт гарчээ
Өнгөрсөн жил Польшийн ерөнхийлөгч Лех Качиньски болон дээд албаны хүмүүсийн сууж явсан онгоц ОХУ-ын Смоленскт сүйрч, зорчигчид нас барсан билээ. Үүнээс хойш жил гаруйн дараа ослын шалтгааныг тогтоох ажил дуусч, Оросын нислэгийг удирдах газар дүнгээ гаргажээ. Харин тайлан илтгэлд Польшийн талын буруугаас болж онгоц сүйрсэн гэсэн дүгнэлт гарсан нь ерөнхийлөгч Лех Качиньски болон бусад албаны хүмүүсийн ар гэрийнхний дургүйг хүргэжээ. Польшийн ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньски мэдэгдэхдээ “Бид ослын шалтгааны тайлантай танилцлаа. Шулуухан хэлэхэд ямарч баримт нотолгоогүйгээр Польш нисгэгч, Польшийн талыг буруутгасан байна. Хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна” гэжээ.
Цаг агаарын таагүй орчинд нисэх багийн гишүүд тушаалын дагуу ослын буулт хийсэн гэж ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх үзэж байгаа юм байна. Тэрбээр “Оросын нисэхийг удирдах газрын тайланг үзээд шоконд орлоо. Үнэнээс хэт зөрсөн байна” гэжээ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский Дэлхийн 2-р дайнд амиа алдсан Зөвлөлтийн дайчдын хүндэтгэлийн ёслолд оролцох гэж явж байсан ч онгоц сүйрч амиа алдсан юм. Нийт 96 хүн амиа алдсаны дотор Польшийн цэргийн болон удирдах албаны хүмүүс байжээ.
Нисэх багийнхан цаг агаарын хүнд нөхцөлд, дарамт шахалт дор ослын буулт хийхээс өөр аргагүй байсан. Оросуудын гаргасан тайлан хэт нэг талыг барьсан байна гэж Варшав үзэж байгаа юм байна. Эртнээс тааламжгүй харилцаатай байсан 2 улсын харилцаа дахин хурцадмал байдалд орж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Н.ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ