Статистик мэдээ танилцуулахдаа учир шалтгааныг тайлбарлахыг анхааруулав
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдалтай өнөөдөр танилцлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж буй хамгийн хүндрэлтэй асуудал бол ханш гэлээ. 2013 оны жилийн дундаж инфляци 10.5 хувьтай гарсан. Уг өсөлт импортын барааны үнийн өсөлттэй шууд уялдаатай байгааг статистикчид онцолсон. Ялангуяа, үүнд голлон жин дарж байгаа нь хувцас, гутлын үнийн өсөлт хэмээв. Тодруулбал, инфляци өсөхөд импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь голлон нөлөөлсөн бөгөөд үүн дотор хувцас, гуталны үнийн эзлэх жин 22 хувьтай байсан байна. Өнгөрсөн 2012 онд энэ хувь 11 байжээ. Үүнтэй холбоотойгоор Н.Батбаяр сайд гутал, хувцасны үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй юм байна хэмээсэн.
Энэ жил үйлдвэрлэлд нэг их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл хувцас, гутлын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд ихээхэн анхаарах ёстой юм байна. Яагаад гэвэл манайхан хувцас, гуталны худалдаа маш их хийдэг. Гэтэл гаднаас оруулж ирж байгаа хувцас, гуталны үнэ нь валютын ханшийн өсөлтийг дагаад нэмэгдчихдэг. Энэ эргээд инфляцийг хөөрөгдөхөд нөлөөлж байгаа юм байна. Хэрэв дотооддоо үйлдвэрлээд хэрэглэдэг болчихвол гадагш урсах валютын урсгал буурч, ханш тогтвортой байхаас гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх чухал алхам болох аж.
Уулзалтын төгсгөлд тэрбээр “Ер нь статистик мэдээллийг танилцуулахдаа цаана нь байгаа учир шалтгаан, нөхцөл байдлыг давхар тайлбарлаж байх хэрэгтэй. Тэгж байж бид алдаа болон боломжоо олж харах болно” хэмээн анхаарууллаа.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ