Орон сууцны нэг давхарт баар ажиллуулах зөвшөөрөл дахин олгохгүй
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулжээ. Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон байна. Гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг энэхүү журмаар цэгцэлнэ гэж хотын Ерөнхий менежер онцоллоо. Мөн журмыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавих үүргийг нарийн тусгажээ.
Тодруулбал, журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар харъяа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” удирдан зохион байгуулна. Зөвлөлийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг дарга баталж байхаар тусгасан байна.
Худалдаа, үйлчилгээний газруудад зориулалтын бус лангуугаар төрөл бүрийн салат, хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалах, кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглосон байна. Түүнчлэн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно гэж тусгажээ. Сар шинийн болон үндэсний баяр наадмын үеэр айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах зэрэг үйлчилгээ эрс нэмэгддэг. Харин энэхүү журамд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах үйлчилгээг хоригложээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг баталлаа. Журам 2014 оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөгдөх юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ