Ээж дахиад л “согтуу”
Би өөрийгөө архийг хэтрүүлэн хэрэглэдэггүй хаяахан найз нөхдийн төрсөн өдөр, хамт олны баярт мөчид хундага дарсан тулган ууж, 2-3 хундагаас илүүг уудаггүй хүмүүсийн нэг гэж боддог байлаа. Тэгтэл саяхны хоёр ч долоо хоногийн баасан гаригт баярт өдрүүдэд тохиогоод ажлын хамт олон, анд нөхөдтэйгээ сууж, халамцуухан гэртээ ороод унтаад өгөв. Тэгтэл хоёр дахь удаагийнх нь маргааш өглөө гэр бүлийн хүн маань “Наад архи дарсаа аятайхан уу. Хүүхэд элдэв юм ярьдаг болох нь” гэлээ. Яав юу болов гэтэл зургаан настай охин маань аавыгаа ажлаас ирэхэд “Ээж дахиад л согтуу ирсэн” гэж хэлсэн гэнэ. Тэр үгийг сонсоод хэдийгээр би өөрийгөө архичин гэж бодоогүй ч хүүхэд маань бодсоныг ойлгосон. Яагаад ч юм дахиад хэзээ нэг өдөр архи үнэртүүлээд гэртээ ирэх зориг үгүй болсон. Охиноосоо маш их ичсэн.
s
Хүний амьдралын хамгийн гэгээн үеийг хүүхэд нас гэдэг. Хүүхэд гэдэг өөрийнхөө харж байгааг ямар ч хачир чимэг, нууж хаах зүйлгүйгээр шууд хэлдэг үнэнч зантай. Үнэнийг таньж мэдэх гэсэн хүсэл, өөрийнхөөрөө бүхнийг дүгнэж цэгнэж байгаа нь архи ууж, гэр орноо түйвээж байгаа ээж, аавыгаа хараад гомдол дүүрэн сэтгэлээр амьдарч байгаа. Эргээд олдохгүй энэ насаа хэрүүл тэмцэл, архины орчинд үдэж байгаа мянга мянган хүүхэд бий. Бяцхан биедээ бахдамгүй их зовлон тээж яваа нялх үрсийн минь харц цаанаа л гунингтай байдаг. Тэр гунигтай харцыг би охиныхоо нүднээс харахыг хүсэхгүй байна.
өы
Дэлхийн хэмжээнд өдөр бүр эндэж нас барж буй таваас доош насны хүүхэд 29158, аюулгүй ундны усны болон ариун цэврийн тохирсон нөхцөлгүйн улмаас 3900 хүүхэд нэг өдөр нас барж байна. Энэ мэтчилэн тоочоод байвал эрхээ эдэлж чадахгүй хүүхдүүдийн жишээ баримт олон бий. Хүүхдийн эрх маш ихээр, бүр аймшигтайгаар зөрчигдөж байгаа асуудал энэ нийгэмд бараг өдөр бүр гарч байгаа нь харамсалтай. Манай улсад хамгийн их зөрчигддөг зүйл хүүхдийн эрх. Хичнээн хүүхэд архины хамааралтай хэн нэгнээс болон эрх зөрчигдөж байгаа вэ?
ы
Алтан дэлхийд хүн болж төрөх ховорхон заяанд төрчихөөд өөрийн эрхээ эдэлж чадахгүй хорвоог орхисон хэчнээн бяцхан иргэн байгааг хэлж үл чадна. Манай улсад дотоодын 700 орчим төрийн бус байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах хөгжүүлэх чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг тоо баримт байдаг боловч манай оронд ч эрхээ эдэлж чадахгүй мянга мянган хүүхэд байсаар л байна. Хүн ямар аав, ээжээ сонгож төрөх бишдээ.
б
Хөөрхий тэднийг хүрээд ирэхэд нь алгаа тосоод угтахын оронд аймшигтай араншин гаргаж хүний ёсноос гадагш авир гаргаж байгаа хүн дүрст араатнуудыг бид яах вэ. Мөн хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг ч тэр эрхээ эдэлж чадахгүй байгаа мянга мянган хүүхэд өдгөө 21-р зуунд ч байсаар л байна шүү дээ. Сургууль бол хүүхэд насны ихэнх хугацаа өнгөрөх орчим юм. Тиймээс сургуулийн орчин нь хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ л байна.
ы
Бяцхан үрс жилд ганц л удаа эрхээ эдэлдэг гэж хэлж болно. Тэр нь зургадугаар сарын 1. Энэ өдөр хүүхэд бүр гоёлоо өмсч, аав ээжтэйгээ тоглолт үзэн, гадуур зугаалах дуртай. Гэхдээ энэ харласан нийгэмд нэг хэсэг нь баяр хөөр болж, аав ээжийнхээ хайр халамжинд умбаж шумбаж явахад нөгөө хэсэг нь адгууснаас дор аймшигт араатнуудын гарын шүүс болж, зарим нь бүр энэ хорвоо дээр ирэх ёсгүй байсан юм шиг эхээсээ төрөөд л хог шиг хаана ч хамаагүй хаягдах болсон.
ч
Ухамсартай хүн хогийг хүртэл хаана ч хамаагүй хаядаггүй билээ. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэдэг. Өнөөдөр идэр есийн хүйтэнд дулаан хувцасгүй, идэх хоолгүй өлмөн зэлмэн амьдарч байгаа мянга мянган хүүхэд бий. Харамсалтай нь өнөөдрийн амьдралд хүүхдийн эрхийн хамгаалах үйлс хэт хийсвэрлэсэн ерөнхий ярианаас цааш ахиагүй байна гэхэд хилсдэхгүй. Дэлхийд хүн шиг үнэтэй эрдэнэ хаа ч байхгүй баймаар.
б
Гэтэл сүүлийн жилүүдэд үр хүүхдээ эрдэмтэй боловсролтой иргэн болгохын оронд зарим нэг нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт татан оролцуулах гэж сургуульд завсардуулж, улмаар гарын бээлий мэт зарц болгодог ноцтой зөрчил тэр бүр буурахгүй байгааг олон баримтаар илэрхийлж болно. Өнөөдөр хүүхдийн эрхийн зөрчлүүдийг бүрэн илрүүлж чадахгүй байгаа.
ы
Хамгийн аюултай нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг их нуугдмал, удаан хугацаанд илэрдгээрээ хохирогч ихтэй байдаг. Бүх аймагт хүүхдийн төлөө хэлтэс байдаг хэдий ч тэднээс хөдөөгийн сумддаа хүрч ажиллах боломж хомс байсаар л байна. Хүчирхийлэл дарамтад өртсөн хүүхдүүд өөртөө итгэлгүй өөрийгөө дорд үздэг бусдад итгэх итгэлээ алдсан байдаг.
ыч
Хайр бүхнийг дийлдэг аугаа их хүч энерги юм. Иймд хүүхдээ хайрлаж байна гэдэг эрхийг хамгаалж байна гэсэн үг. Гэрэлт ирээдүй болсон хүүхдийн эрхийг дээдэлж хүндэтгэн харьцацгаая. Тэд биднийг харж байгаа. Өнөөдөр тэднийг ямар хайраар хүн болгоно. Ирээдүйд өрөөл бусдад тэр л хайраа харуулж, эргээд таныг ч бас яаж хайрлах вэ гэдгийг бодож яваарай. Хүүхдүүд бидний үргэлжлэл...
ы
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ