Бурхан хамт тоглоё гэж байна

1
...Нэгэнт амьдралын талаар буруу үзэл бодолтой болсон хүмүүс өнгөцхөн зүйлд л дурлаж, яг л амьгүй машин шиг хайрлах энэрэх сэтгэлгүй амьдрахад хүрч байна. Ийм учраас өнөөдрийн нийгэм мөнгөн дээр тогтож, мөнгийг тахин шүтэж байгаа юм. Мөнгөн дээр тогтсон нийгэм харгис дээрэнгүй байж, хүчгүй нэгнээ хавчин гадуурхаж байдаг. Ийм нөхцөл байдал эцэстээ нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэнэ. Үнэндээ хайр, энэрэл нигүүлсэл гэдэг мөнгөтэй ямар ч холбоогүй зүйл. Үүгээр мөнгө олж чадахгүй. Тэгэхээр мөнгийг шүтсэн нийгэмд хүмүүс эдгээр үнэт зүйлийг авч үзэхгүй. Улс орны удирдлагад гарсан хүмүүс, улстөрчид ч тэр л нийгмээс гарсан хүмүүс учраас л энэ байдлаараа л нийгмээ удирдана гэж Далай лам айлдсан байдаг. Энд төгс гэгээрэх гэрэл олж харж дотоод талаа өнгийж харах тухай онол бөөгнүүлэх гэсэнгүй. Хүүхэддээ цаг гаргаад ганц удаа морь болоод тоглочихоочээ гэж гэж зөвлөх гэсэн юм. Тавхан минут охинтойгоо тоглох тэр жаргалт инээд 50, 100 жилээ дааж таны чихэнд хангинасаар байх юм. Ганц орой үлгэр уншиж өгөөд гарыг нь буулгаж хөнжлөөр нь хучаад гарсан тэр шөнийх шиг амгаланг та дараа нь насан туршдаа хайж магадгүй.
1
Хүүхэд гэдэг амьдралын баяр баясгалан нүд, сэтгэл бүлээсгэж гэр дүүрэн байхад бид хаа нэгтээ очихоор яарч өдөр тутам нуруун дээр ирсэн дарамтаа бодож “дараа тоглочихно доо” гэдэг. Харин хүүхэд таны хажууд байх тэр балчир насандаа л таныг бурхны адил зөөлөн халуун хайраар нигүүлсэх зурвасхан үетэй гэнэ. Тэрбээр том болохын хэрээр тантай, бидэнтэй адил болж үнэнээс, итгэлээс, энхрийллээс холдоно. Тэр инээх үү, байх уу гэдгээ боддог болно. Тэр үг хэлээ цэнэдэг болно. Түүний сайхан бүхнийг цаг хугацаа буцаагаад урсгаад эхэлчихсэн хэрэг. Хүү, охин тань юу ч мэдэхгүй юм шиг өөрийн “би” үгүй байхдаа бурханлаг байж танд энэ ариун гэрэлт зайд байх хүсэлтийг цөөхөн удаа тавина. Хөх хулганы оронд үсэрч тоглосноо, галзуу хулганаар наадаж аймаар айснаа, хэн нэгэнд гэнэхнээр хууртсанаа тэр санан дурссаар байх биз. Таны нуруун дээр нар зөв тойрог хийж жингэнэтэл инээснээ санах ч үгүй байж магад. Харин цаг цаашлах тусам маш богинохон зайд олдсон бурхны гэрэл ариусалд байсан тэр эгшин таны дотор улам бүр тод дүрсжин харагдаж “би сайхан амьдарсан даа” гэсэн гүн тайвширлийг насан туршид тань бэлэглэж магадгүй. Энд эвлүүлж бичиж буй бүхэн хүн бүрийн дотор байдаг л үг тэмүүлэл. Харин бид гадаад талдаа хэтэрхий зэвгүй хүний хорвоод байгаа тул жаахан хүүхэд гэдэг бурханы хажуугаар хавтсаа тэвэрсээр дээгүүр нь харайх шахан гарч одож байгаа юм. Бурхан үрээ барьж аваад эргүүлж инээлгэх, нар өөд шидэх, хамт ном үзэх, нуугдаж тоглох энэ бүх клип таны дотор насан туршид киноны хуучин кадр шиг жирэлзэн үлдэж, та түүгээрээ л энэ хорвоод ирсэндээ харамсахгүй буцаж магадгүй.
1
Хүүхэд тоглоё гэж байна. Хамт зураг зурж, морь болж наадан тоглоё гэж байна. Энэ нь танд өгсөн бурханы хишиг тул тойрч бүү булт. Тавхан минутын инээд хөөр... бүх амьдралдаа хайгаад байсан аз жаргал чинь ч байж магад. Танд бурхантай байх боломж тийм их биш ердөө л 2-3 жил, дараа нь хүүхэд томорч бид жижгэрэх болно. Сайхан амьдралын эгшинг заавал зохиолын дууны клипээс үзэх гэж зурагтаа эргүүлэх хэрэггүй. Хажууд чинь амьд бурхан мөлхөж дөнгөж алхаж цаг хугацаа гэх урсгалаас түр сугараад гараад ир ааваа, энд миний арал дээр хамт тоглоё гэж байна. Эргэлзэх хэрэггүй удирдлагаа хол шидээд шууд морь болон цогь ... “ийнхоон” гэдэг бил үү...
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ