Засгийг барьцгүй, хоосон хийрхлээр ажиллаж байна гэж шүүмжлэв
Ерөнхий сайд өнгөрсөн оны хийсэн ажлаа парламентад тайлагнасан. Сөрөг хүчин Засгийн газрын хийсэн ажилд “Тодорхой хэмжих шалгууртай тоон үзүүлэлттэй зүйл ч байна, барих барьцгүй, уриа лоозонгийн шинжтэй хоосон хийрхлүүд ч байна.” гэж дүгнэлээ. Ерөнхий сайд тайландаа нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хүрээний асуудлуудыг багтаасан байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ард иргэдийн амьдралыг дээшлүүлсэн гэж болсон болоогүй ажлыг хамж шимж хэлэхээсээ Ерөнхий сайд ичмээр дүр зураг нэгэнт бодит байдал болжээ” хэмээн онцолсон. Үүнийгээ дараах баримтаар жишээлж байлаа. Манай улс өрсөлдөх чадварын индексээр 2012 онд 144 орноос 93 дугаар байрт жагсаж байсан бол өнгөрсөн онд 107 дугаар байранд орж, 14 байраар ухарчээ. 2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, 20 хувийн өсөлт гаргаж байсан Монгол Улс өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 50 хувиар бууруулж, Монгол Улсын зээлжих зэрэглэлээрээ нэмэхээс хасах руу шилжсэн сөрөг үзүүлэлтээр олон улсыг гайхашруулсан сурагтай. Манай гадаад өр нэг жилийн дотор огцом нэмэгдэж ДНБ-ий 63.5 хувьтай тэнцэх болсныг Дэлхийн банкны судалгааны харуулсан байна. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр буюу 20 гаруй хувиар тасалдсан гэж шинжээчид дүгнэж байгаа аж. Засгийн газар төсвийн алдагдлыг хоёр хувьд барьсан гэж байгаа. Гэвч "Чингис" бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийг нэмж тооцвол уг алдагдал өнгөрсөн онд 12.5 хувьд хүрсэн статистик үзүүлэлт гарчээ.
1
Ерөнхий сайд мэдээлэлдээ “Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлж, цалин орлогоос хумслагч инфляцид илүү нөлөөлдөг гол нэрийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд хазаарлаж чадлаа. Үр дагаврын бус үндсэн шалтгааныг нь арилгах дэд хөтөлбөрүүдэд 248 тэрбум төгрөг олгов. Гурилын үнэ тогтвортой байж, нөөцийн махаар хангаж чадлаа” хэмээсэн.
1
Үүнийг сөрөг хүчин эсэргүүцэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэлдээ ““Үнэ тогтворжуулах” хүрэээнд 3 их наяд төгрөгийг ямар ч тооцоо судалгаагүйгээр зарцуулсан. Дөрвөн жилийн хугацаанд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө ийнхүү үр ашиг багатай зарцуулагджээ. Ийм хэмжээний мөнгөөр хэдхэн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого явуулсны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдөр тэнгэрт хадаж ард түмний амьдралд хүнд дарамт болоод байна” гэсэн юм.
Савласан "Алтан тариа" дээд гурил 850 төг байсан бол 1530 төгрөг, "Атар" талх 630 төгрөг байсан бол 860 төгрөг, хонины ястай мах 5942 төгрөг байсан бол 7580 төгрөг буюу, үхрийн ястай мах 6726 төгрөг байсан бол 8750 төгрөгөөр тус бүр өссөн. Ийнхүү өнгөрсөн онд хүнсний гол нэрийн барааны үнэ 13-100 хувиар өссөн байна.
1Түүнчлэн Засгийн газар шинэчлэл хийх нэрийн дор хууль зөрчих нь хэвийн үзэгдэл болсонд сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхий сайд 15 сарын хугацаанд таван удаа Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц хөдлөшгүй баримтаар тогтоосон хэмээн бататгав. “Түр томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчсөн шүү гэж Цэц хэлээд байхад л Ерөнхий сайд нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга буюу төрийн жинхэнэ албаны хамгийн дээд албанд нь хүртэл түр хүн томилоод сууж л байна. Хариуцлага, хяналтгүйн "зуд" нүүрлэсний бодит жишээ бол барилгын салбарт удаа дараа гарч буй осол аваар, түүний уршгаар хүний эрдэнэт амь нас хохирох явдал хэвийн үзэгдэл боллоо. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх баталгаагүй болж байхад Засгийн газар яагаад таг чиг сууна вэ. Хариуцлагагүй ийм байдалтай МАН-ын бүлэг хатуу тэмцэх болно” гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдээлэлдээ онцолсон юм. Цаашдаа бүтээн байгуулалтын бодлогын хүрээнд Монгол Улсыг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд орчин үеийн хүнд аж үйлдвэр буюу төмөр гангийн, зэс хайлуулах, хими-нүүрс боловсруулах салбаруудыг шинээр бий болгож, хөнгөн аж үйлдвэрээ орчин үеийн технологи бүхий салбар болгож экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг эрс сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гэх мэт томоохон хөрөнгө оруулалт, бодлогын алхмуудыг хийх шаардлагатай байна гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байлаа.
1
Тиймээс ч Засгийн газрыг ард түмний өмнө амласан амлалтаа худал мэдээлэл, хоосон лоозон, шоугаар биш бодитоор биелүүлж ажиллахыг сануулсан юм.
1
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ