Христийн хөшөө аянганд цохиулав
Бразилийн Рио-де-Жанейро хотод аянга буусны улмаас Христийн хөшөө гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Рио де Жанейрод байрлах Христийн хөшөөний баруун гарын эрхий хуруу нь хүчтэй аянганаас болж цуурсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гарагт цахилгаан цахиж хөшөөнд гэмтэл учирсан гэж албаныхан “AFP” агентлагт ярьжээ. Хотын удирдлагууд Бразилийн бэлгэ тэмдэг болсон хөшөөг тун удахгүй сэргээн засварлана гэдгээ амласан байна.
Засгийн газраас энэ удаагийн гэмтэлд 2.7 сая ам.долларын хөрөнгө тусгажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд болсон шуурганы үеэр тус хөшөөний баруун гарын дунд хуруу нь хагарч гэмтсэн юм. 2010 онд уг хөшөөний гар болон нүүрний хэсгийг дөрвөн сая ам.доллараар сэргээн засварласан ажээ.
Христийн хөшөө Рио-де-Жанейрогийн Тижукийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 709 метр өндөртэй Корковадын уулан дээр байрладаг юм. Хөшөөний давцан дээрээс Рио-де-Жанейро хот, Атлантын далайн Гуанабарийн булан гайхамшигтай сайхан харагддаг билээ. 2011 онд 80 жилийнхээ ойг тэмдэглэсэн уг хөшөөг 2007 онд интернет хэрэглэгчдийн санал асуулгаар “Ертөнцийн долоон гайхамшиг”-ийн нэгд багтааж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ