Төрийн мөнгө зувчуулсан албан тушаалтнуудыг саатуулжээ
Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хуурамч баримт ашиглан Төрийн мөнгө зувчуулдаг байсан нэр бүхий төрийн албан хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэж, саатуулжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нарын дөрөв, “Хадгаламж”, “Хаан” зэрэг гурван банкны теллер нарын нийт 12 хүнийг цагдан хорьсон байна.
Тэд Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая төгрөг, 70, 50, 21 мянган төгрөг, нас барсан хүнийг амьд мэтээр бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр өгсөн гээд Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, завшиж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцоход 500 сая төгрөг хол давах аж.
Ямартаа ч дээрх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа нэр бүхий 12 хүнийг удахгүй нийслэл рүү авчирч шалгахаар болоод байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр 12 хүн дээр дахин таван хүнийг сэжигтнээр татаад байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ